Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Дарханчууд 2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор нээлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: -Бид 2013-2016 онд Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 150.1 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 758 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тэдгээр төсөл арга хэмжээний 70-аад хувийг манай аймгийн барилгачид гүйцэтгэсэн. 2017-2020 онд нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр,Хог хаягдал боловсруулах үйлдвэрийг тус тус байгуулж ашиглалтад оруулна. Өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулж, “Спорт цогцолбор”-ын барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. “Дархан Шарын” гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгож, Мал түүхий эдийн төвлөрсөн зах байгуулах зэрэг олон бүтээлч ажлуудыг хийхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.
Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгний, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэхүү бүтээн байгуулалтад эрхэмДарханчууд, барилгын салбарын нийт хамт олныг аймаг орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна гэв.
С.БАЯСГАЛАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮРИЙН ЦААНА ХАРИУЦЛАГА БАЙХ ЁСТОЙ
Хөрөнгө оруулалтын ажлын нээлтийн үеэр Дархан-Уул аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалантай ярилцлаа.
-Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн зарим ажлууд үргэлжлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, “Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын тавдугаар багт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус багийн 20-4, 20-7 дугаар байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Эрүүл мэндийн газраас нийтийн орон сууцны 2-60 байр хүртэлх явган зам ногоон байгууламжийн ажилд нийт 51 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Мөн нийтийн орон сууцны байрнуудын нөхцлийг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-Тэр нь ямар хөтөлбөр вэ?
-“Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөрийг боловсуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16 дугаар багийн нийтийн орон сууцны орцны 65 ш хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30 ш кодтой, дулаалагатай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Мөн Дархан сумын 11 дүгээр багийн есдүгээр байрны дээвэр, 10 дугаар байрны иженерийн шугам сүлжээг 42.0 сая төгрөг шинэчилж засварлана.
Ер нь нийтийн орон сууцны дээвэр засварын ажилд 30.0 сая төгрөг зарцуулна. Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерийн системд шилжүүлэх ажлыг 40.0 сая төгрөгөөр хийнэ. Улмаар 27.0 сая төгрөгөөр Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютор, энгэрийн камер, радио станц, дөрөвдүгээр багт цагдаагийн пост шинээр нээнэ.
-“Тохилог хороолол” төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Энэ төсөл нь Жишиг хороолол төсөл, сая ярьсан хөтөлбөрөөс юугаараа ямар ялгаатай вэ?
-“Тохилог хороолол” төсөл нь гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд гэр хорооллын дундах авто замыг сайжруулахад анхаарч байна. 149.1 сая төгрөгөөр Дархан сумын нэгдүгээр багт 340 метр авто замыг хатуу хучилттай болгоно. Мөн 482.6 сая төгрөгөөр Дархан сумын 3 дугаар багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил буюу 900 метр авто замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөсөн. Дархан сумын 6,7,8 дугаар багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатыг эхлүүлж, 1.0 км авто замыг 600.0 сая төгрөгөөр хатуу хучилттай болгоно. Дархан сумын 25 дугаар хорооллын доторх авто замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 500 метр авто замын ажлыг 200.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
-Гэр хорооллын дундах авто замын нөхцлийг сайжруулахаас гадна гэрэлтүүлгийн асуудлыг хамтад нь шийдэх боломж байгаа юу?
-Энэ жилийн хувьд Дархан сумын хоёрдугаар багт сайжруулсан шороон зам дагуу 480 метр газарт 12 ш лэд гэрэлтүүлэг, Эрднэс плазагаас Альфа хотхон хүртэлх 180 м газарт зургаан лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 17.9 сая төгрөгөөр, Мобикомын уулзвараас онгоцны буудал хүртлэх авто зам дагуух гэрэлтүүлгийн толгойг сүүлийн үеийн лед гэрэлтүүлгээр солих ажлыг 29.9 сая төгрөгөөр, Дархан сумын 15 дугаар багт дөрвөн хэсэг газарт 120 ш лед гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 134.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын алслагдсан гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтүүлэгтэй болгох, аймаг, сум орон нутгийн өнгө үзэмж сайжруулах ажлын хүрээнд нэг сая еврогийн төслийг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл нийт 1869 ш гэрэлтүүлэг, 153 ш камер шинээр суурилуулах боломж бүрдэх юм.
-“Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын төмөр бетон гүүр хүртэлх 1.4 км авто замын шинэчлэлтийн ажлыг 787.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Замын ажлыг ирэх сард буюу тавдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. “Шинэ-Хуучин Дархан”-ыг холбосон 8.0 км авто замын эхний хэсэг 2016 онд ашиглалтад орсон.
Энэ замын дагуух ногоон байгууламж, явган зам, тохижилтын ажлуудыг энэ хавар хийнэ. Мөн орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км хатуу хучилттай авто зам, Дархан-Шарын гол чиглэлийн авто замын төмөр бетон гүүр, Хараа голын төмөрбетон гүүрийн засвар, Дархан сумын 11, 12, 13 дугаар хорооллын автозамыг, зурагтын толгой давуулж холбох 8 км авто зам, Хонгор сумаас Салхит баг хүртэлх 13.1 км авто зам, 15 дугаар багийн Мангирт хороолол доторх 2.1 км авто зам, Дархан сумын 1,2 дугаар багийн дагуух 6-н буудлаас үерийн далан хүртлэх 3.4 км авто зам, Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн авто зам, Дархан сумын 13 дугаар багийн авто зам нийт 54.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй есөн төсөл арга хэмжээг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр зураг төсвийг хүргүүлээд байна.
...2017 онд аймгийн ЗДТГазар болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар буюу 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын V багт Хүүхэд хөгжлийн ордныг барьж, одоо ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна...
-Сургууль, цэцэрлэгүүдийг дэмжсэн хөрөнгө оруулалтын ажлууд багагүй жин дардаг. 2017 оны хувьд боловсролын салбарт зориулж хэчнээн төгрөг төсөвт суулгасан бэ?
-Дархан сумын V багт 25 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж 100 хүүхэд хамрагдах боломжтой болсон. 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шарын гол сумын II цэцэрлэгийн барилгын өргөтгөснөөр 35.0 хүүхэд хүлээж авах чадалтай хоёр анги нээж байна. Мөн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн хоёр ангийг 10.0 сая төгрөгийн үнэ бүхий стандарт ширээ сандлаар хангахаар болсон. Мөн тус сургуулийн дотуур байрны засварын ажлыг Япон улсын өвсний үндэс төслөөр засварлана. “Од” цогцолбор сургуулийн барилгын дээврийг 100.0 сая төгрөг, 18 дугаар сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилнэ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны дулааны шугамыг 180.0 сая төгрөгөөр шинэчилнэ гээд маш олон ажлууд байна.
-Энэ жил “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг хэрхэн дэмжих вэ?
-“Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 80.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байдаг. 2017 онд аймгийн ЗДТГазар болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар буюу 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын V багт Хүүхэд хөгжлийн ордныг барьж, одоо ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. Хүүхэд хөгжлийн ордон бүрэн ашиглалтанд орсноор Дархан сумын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм. Мөн “Ном”, “Авьяас” хөтөлбөрөөс гадна “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Бид олимпийн эзэд төслийг хэрэгжүүлж 2016, 2017 онд хэрэгжүүлсэн. Мөн Авьяас хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулиас 2017 онд Австри улсад зохиогдож буй Өвлийн параолимпийн анхны олимпын аварга төрлөө. Энэ бол дээрх хөтөлбөрүүдийн бодит үр дүн.
-Дархан-Уул аймаг өнгөрсөн жил “Шарилжгүй Дархан” хөтөлбөрийг өрнүүлж, нийтээрээ шарилжтай тэмцсэн. Энэ ажил үргэлжлэх үү?
-Дархан-Уул аймагт амьсгалын замын харшлын чанартай нийт өвчлөлийн 62.5 хувь нь ургамлын гаралтай харшил эзэлдэг. Энэ жил Шарилжтай тэмцэх ажлыг тавдугаар сараас эхлүүлнэ. 6-8 дугаар саруудад шарилжийг хадах, тайрах, танах, хор цацна. Тус ажилд нийт 9.9 сая төгрөгийг зарцуулахаар тооцож байна. Мөн НААҮГазрын үржүүлгийн талбайд өвлийн хүлэмж шинээр барих ажлыг 75.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ.
-Өөр ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ?
-Дархан сумын VI, VII багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлыг зохион байгуулна. Тодруулбал VI багт багийн төв, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг ажиллах барилгыг 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барина. VII багт төрийн үйлчилгээ явуулах байрыг 160.0 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөөд байгаа. Мөн “Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэц наркологийн төвийн барилгын дээвэр засварын ажлыг 54.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд нийт 300.0 сая төгрөгийг хувиарласан.
Одоогоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн бус байгууллагуудаас төсөл хүлээж авах ажил хийгдэж байна. Эцэст нь хэлэхэд ажил бүрийн цаана хариуцлага байх ёстой. Хөрөнгө оруулалтын үр дүнд иргэд сэтгэл хангалуун байх ёстой. Буух эзэнтэй, буцах хаягтай бүтээн байгуулалтын ажлууд иргэдээс хангалттай сайн үнэлгээ авна. Тиймээс энэ жилийн хувьд үүрэг хариуцлагыг улам өндөрсгөж ажиллаарай гэдгийг бүтээн байгуулагчиддаа анхааруулж байгаа.
Х.Соёл-Эрдэнэ