-Монгол Улсын Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгүүд явагдаж байна. Дархан хотын эрх
зүйн байдлын тухайд ямар санал бодолтой байдаг вэ?
-Дархан сумын хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн
төслийн хэлэлцүүлэг 2017 оны 6 дугаар сарын сүүлчээр эхэлж, хэлэлцүүлэгт 6757
иргэн оролцож, 6208 иргэн санал өгсөн байна. Хэлэлцүүлгийн материал, санал
асуулгын хуудсуудыг аймгийн ИТХ-ын ажлын албаар дамжуулан, Улсын Их
Хурлын Тамгын газарт хүргүүллээ.
Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан хотыг байгуулах шийдвэр
гаргаснаас 10-аад хоногийн дараа НҮБ-д гишүүнээр элссэн. Тэр үеийн бичиг
баримтдаа Монгол Улс нь /Улаанбаатар, Дархан хотоос гадна 18 аймгийн төвд 18
хот/ нийт 20 хот, 1.0 сая гаруй хүн амтай гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр
Дархан хот бол дэлхий нийтэд нэр нь эрт түгсэн хот юм. Дарханчууд 2000 оны
эхээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын асуудал яригдаж байх үеэс өнөөдрийг
хүртэл хотын эрх зүйг нь сэргээх асуудлаар аймаг, сум, багуудын хэмжээнд олон
хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулж, тэмдэглэл, санал, дүгнэлтүүдээ УИХ,
Засгийн газарт хүргүүлж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд “хот” гэсэн
статус байхгүй ч “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д улсын
чанартай гурав, орон нутгийн чанартай 18 хот байгаа гэдэг. Хотын эрх зүйн
байдлыг тодорхой болгохгүй, хотуудаа дэмжсэн бодлого явуулахгүй бол
эдгээр хотуудын хөгжил нь энэ байгаа хэмжээндээ л байх болов уу.
-Энэ
асуудал заавал үндсэн хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж байж шийдэгдэх
юм байна. Гэтэл өмнө нь болоод л байсан биз дээ. Заавал өөрчлөлт оруулах
хэрэгтэй юу? Хэрвээ өөрчлөлт оруулчихвал ямар давуу тал бий болох вэ?
Иймээс Үндсэн хуульд хотын статусыг тодорхой болгож, хот нь бие даасан Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Хэлэлцүүлгүүд дээр Дархан сумын иргэд хотын эрх зүйн байдлын тухай
асуудлаар “Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх” төслийн саналыг бүрэн дэмжиж
байна. Дарханы хувьд аймаг, аймгийн төвийн суманд зэрэгцэн ажиллаж буй нутгийн
удирдлагын давхардсан бүтцийг цомхон болгохоос гадна иргэдэд төрийн үйлчилгээг
хүргэх шат дамжлага багасна. Хотыг хөгжүүлэхэд хугацаа шаардлагатай. Хотын
статусыг шийдвэрлээд төр засгаас хотуудад эхний жилүүдэд хөрөнгө оруулалт, хүн
ам, ялангуяа мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэргүүний техник
технологийг нутагшуулахад тодорхой бодлого дэмжлэгүүд хэрэгтэй. Иргэдийн
хувьд хотын иргэд гэдгээрээ бахархах, ирээдүйд тодорхой зорилго, зорилт
тавиад түүндээ хүрэх итгэл үнэмшилтэй байх асуудал чухал байгаа юм. Үүний
тулд хотын статусын асуудлыг яг одоо, хойшлуулалгүйгээр шийдвэрлэх ёстой юм.
-Засаг
даргыг шууд томилох талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн
төслийн санал асуулгад туссан байсан. Үүнийг хэрхэн үзэж байна вэ?
-Хэрэв Засаг дарга нарыг шууд томилоод эхэлбэл ардчиллаасаа ухарсан ухралт
болно. Өнөөдрийн Үндсэн хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засаг даргыг аймаг,
нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурлуудаас нэр дэвшүүлж,
Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь томилдог энэ тогтолцоо зөв. Үүнийг
хэвээр үлдээх ёстой. Дархан сумын хувьд багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан дээр
багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг
зохион байгуулдаг өөрийн журамтай. Үүнийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж, сайжруулсаар
байна. 2017 оны 2 дугаар сард зохион байгуулсан Дархан сумын 18 багийн
ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргад 142 иргэн нэр дэвшиж, санал хураалтанд
6941 иргэн оролцсон. Багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанд нэг багт дунджаар 400
орчим иргэн оролцож, хамгийн өндөр ирцтэй 8 дугаар багт 751 иргэн саналаа өгсөн
байна. Хуралдааны үеэр болон хуралдааны дараа ямар нэг гомдол санал гараагүй,
иргэд ч идэвхитэй оролцсон. Гагцхүү зохион байгуулалтыг сайн хийх нь
чухал байдаг.
-Одоо
танай Иргэдийн Хурлаас зохион байгуулж буй ажлуудын талаар танилцуулна уу?
-Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 1 жил орчмын
хугацаанд сумын ИТХ-ын хуралдааныг 3 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 19
удаа, Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөнийг 5 удаа, Хурлын
Хороодуудаас нийтийн үйлчилгээний байгууллагуудын ажилтай танилцах болон хяналт
тавих үйл ажиллагааг давхардсан тоогоор 5 удаа зохион байгуулсан байна. Бид
сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, иргэдийг
мэдээ, мэдээллээр хангахад онцгой анхаарч байна. Багийн ИНХ-ын дарга
Тэргүүлэгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, дэмжин ажиллаж байна.
Иргэний танхимын хэлэлцүүлгийг 3 удаа зохион байгуулснаас 1, 2, 3 дугаар багийн
иргэдийн дунд ДСЦТС ХК-тай хамтран зохион байгуулсан “Эрчим хүчний
хэмнэлт-иргэдийн амьдралд” хэлэлцүүлэг нь тосгоны иргэдийн цахилгааны
олон чухал асуудлыг шийдвэрлэсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. Дархан сумын
Ахмадын хорооноос санаачлан хэрэгжүүлж буй иргэдийг соён гэгээрүүлэх сургалтын
үйл ажиллагааг дэмжиж, багийн ИНХ, Засаг дарга нартай хамтран
ажиллаж байна.
-Иргэдээ
амгалан тайван аюулгүй орчин оршин суулгах үүргийг орон нутгийн засаг захиргаа
хариуцдаг. Сумын ГХУСАЗЗ –өөс ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Дархан сумын ГХУСАЗЗ сар бүр хуралдаж, сумын нутаг дэвсгэрт
тухайн төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах талаар хэрэгжүүлсэн
ажлын танилцуулга, багуудын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажлын
тайлан мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч байна. Бид энэ
хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу сумын хэмжээнд
болон 18 баг дээр хамтарсан багуудыг шинэчлэн байгуулж, хамтарсан багийн 120
гаруй гишүүдийг чадваржуулах сургалтанд хамрууллаа. Аймгийн ГХУСАЗЗ-тай хамтран
4 дүгээр сарын 1-ээс 6 дугаар сарын 25-ны хооронд “Хамтарсан баг- иргэдийн
амьдралд” сэдэвт аян зохион байгуулж, хамтарсан багуудын үйл ажиллагааг
идэвхжүүллээ. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс санал тавьж, сумын Засаг
даргын багийн Засаг дарга нартай байгуулдаг Үр дүнгийн гэрээнд “Багийн нутаг
дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах
явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажил, үр дүн” гэсэн шалгуур
үзүүлэлтийг оруулж өглөө. Цагдаагийн газраас гэмт хэргийн болон саатуулах
байрны мэдээг сар бүр авч, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг
дарга нарт хүргүүлж байна. Тэд хэсгийн байцаагчтайгаа хамтран, мэдээ, мэдээлэлд
дүн шинжилгээ хийж, хүнд хүрч, хүнтэй тулж ажиллахыг хичээж байна. Эхний
9 сарын байдлаар хулгайлах болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 10,3-23,6
хувиар өссөн. Энэ талаар сумын ГХУСАЗЗ-өөс сум, багийн Засаг дарга нарт
тодорхой чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
-За
баярлалаа. “Орон нутгийн хөгжлийн
сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлд хэрхэн хяналт
тавьж байна вэ?
-Бид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үр
дүнтэй хэрэгжүүлэх ажилд санал авахаас эхлээд гүйцэтгэлийн явц, ашиглалтанд
хүлээн авах шат бүрт нь Хурлын Төлөөлөгчид, Хороодууд, багийн ИНХ-ын дарга,
Тэргүүлэгчид иргэдийнхээ хамт хяналт тавин ажиллаж байна. Саяхан Монгол Улсын
Засгийн газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн Төлөөлөгчид, орон
нутгийн Тогтвортой амьжиргаа-3 төслийн багийнхан ирж, Дарханд үндэсний
хэмжээний сайн туршлага хуваалцах уулзалт сургалт зохион байгуулж, бид
хэрэгжүүлсэн төслүүдээ танилцууллаа. Сумын 2017 оны төсөвт 68,2 сая төгрөг Орон
нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан. Харин 2016 онд Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнүүд үр дүнтэй хэрэгжиж,
Монгол Улсын Засгийн газраас 352,0 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосноор
2017 онд Дархан сумын хэмжээнд 21 төсөл, арга хэмжээг хэрэгжүүүлж, иргэдийнхээ
тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.
-Танай
Хурлын байгууллагын гадаад харилцаанд ямар ахиц гарсан бэ? Гадаад улс орнуудын
зочин төлөөлөгчид их ирж байгаа харагддаг?
-Дархан сумын ИТХ, БНСУ-ын Кенги аймгийн Бучон хотын ИТХ-тай 2015 онд хамтын
ажиллагааны санамж бичиг үзэглэсэн. Хоёр талын Төлөөлөгчид харилцан
айлчилсан. Бучон хотын ИТХ-ын Төлөөлөгчдийн дэмжлэг туслалцаатайгаар Дархан
сумын хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд чихний дунгийн суулгацын мэс
заслыг үнэ төлбөргүй хийлгэж, тэдэнд амьдралын баяр баясгалан бэлэглэсэн. 2017
онд 8 дугаар сарын дундуур БНСУ-ын Кенги аймгийн Бучон хотын ИТХ-ын
дарга Кан Дун Гу тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа. Энэ үеэр зочид төлөөлөгчид
Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, Музейг
сонирхож, Нарны хүүхдүүд хотхонд зочилж, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн, мөн 15
дугаар багийн Шинэ гудамж төслийг санаачлан хэрэгжүүлж буй иргэдийн санал
санаачлагыг урамшуулж дурсгалын зүйл гардуулсан. Дархан сумын ИТХ-ын зүгээс
хоёр хотын нийтийн үйлчилгээний ижил төрлийн байгууллагуудын хооронд хамтын
ажиллагааг хөгжүүлэх саналыг тавьсан. Зочид саналыг хүлээн авч, дэмжиж
ажиллахаа илэрхийлсэн. Хоёр хотын нийтийн аж ахуйн болон музейн
байгууллагуудын хамтын ажиллагааг үүсгэх чиглэлээр ярилцаж байна.
-Ойрын
хугацаанд ямар ажил төлөвлөж байна вэ?
-Удахгүй Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багуудын ИНХ-ын дарга нарын хамтарсан
зөвлөлгөөнийг зохион байгуулж, 11 дүгээр сарыг Тайлангийн сар болгон зарлахаар
төлөвлөж байна.
Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид хуралдаанаа зарлаж, багийн Засаг даргын
тайланг хэлэлцүүлж, иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлнэ. Хуралдаанд аймаг, сумын
ИТХ-ын Төлөөлөгчид оролцож, иргэдээ сонсож, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа
иргэд сонгогчиддоо танилцуулж ажиллана. Б.Норовсамбуу