Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН НЭХИЙ, ДАРХАН МЕАТФҮҮДС ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-12-12

 Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй ИТХ-ын Төлөөлөгчид /2017.12.11/ орон нутгийн томоохон үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь  үзэж танилцлаа.  
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Орон нутгийн бодлого тодорхойлох байгууллага болох ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууын үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлынх нь талаар мэдээлэл авснаар татвар төлөгч, ажил олгогч байгууллагуудын оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах, тэднийг бодлогоор дэмжих, төр нийгмийн түншлэлийг бэхжүүлж, харилцан хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм. 
Уг үйл ажиллагаа Дархан нэхий ХХК-ийн ажилтай танилцсанаар эхэлсэн бөгөөд тус компанийн захирал Н.Батсайхан эрчим хүчний үнэ тариф огцом нэмэгдэж буй нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусч, үүнийг дагаад урсгал зардлын хэмжээ нэмэгдэн, ажлын байрны тоо буурах үндсэн шалтгаан болж байгааг тайлбарлаж байна. 
Дархан нэхий ХХК нь одоогоор үйлдвэрлэл болон худалдааны төвдөө нийт 650 гаруй ажилчидтай бөгөөд 2020 он хүртэл ажлын байрыг 1200 хүргэхээр төлөвлөж байжээ. Гэвч цахилгаан, цэвэр бохир ус, дулааны үнэ сүүлийн 2 жилд огцом нэмэгдсэнээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болохын зэрэгцээ зах зээлийн өрсөлдөөний зарчмын дагуу бүтээгдэхүүний үнийг 60 хүртэлх хувиар хямдруулж хэрэглэгчдэд хүргэдэг нөхцөл алдагдаж байна гэв. 
Уг асуудалд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат,  Төлөөлөгчид анхаарч ажиллахаа илэрхийлээд тус байгууллагын цэвэр бохир усны төлбөрийг ойрын хугацаанд 20-30 хувь хөнгөлөх тухай судалж, Дархан-Ус суваг ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн,аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр ярилцлаа. Хэрвээ энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл Дархан нэхий ХК-ийн урсгал зардал 150 сая төгрөгөөр буурах бөгөөд тус компанийн ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бий болно хэмээн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уулзалтын үеэр ярилаа. 
Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид  “Дархан меат фүүдс” мах боловсруулах үйлдвэртэй танилцсан бөгөөд тус үйлдвэр нь  Монгол малын махны амт, чанарыг дэлхийн зах зээлд танилцуулж,  эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг олон үе, шат дамжлагагүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Тус үйлдвэр нь дотоодын нөөцийн махны хэрэгцээг хангахын зэрэгцээ БНХАУ-руу адууны шулсан мах, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, ОХУ-ын Улаан-Үд хотод үхэр адууны мах, Иран улс руу мөн бага малын махыг экспортолдог ба одоогоор 1500 тн махыг бэлтгээд байна. 
Иран улсруу мах экспортлосоноор Дархан-Уул аймгийн 150-н иргэн шинээр ажлын байртай болсон бөгөөд мөн гадаадын худалдан авах чадвар өндөртэй шинэ зах зээлд нэвтэрч мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлжээ.
Цаашлаад Вьетнам, Узбекстан, Казакстан улсруу мах нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ. 
Мөн жил бүр аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ хамтран сургууль цэцэрлэгт нийлүүлэх махны үнийг тогтворжуулах, мах боловсруулах, ангилах, нийлүүлэх, хүргэх тухай нарийвчилсан хөтөлбөр баталдаг бөгөөд хөтөлбөрийн дагуу стандарт шаардлага хангасан махыг нийлүүлдэг хэмээн Дархан меат фүүдс ХХК-ийн захирал М.Энхбаатар ярилаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%