2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ИТХ-ын хуралдаанаар 2018 оны Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 онд бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ жилийн тухайд нийт 60 гаруй төсөл арга хэмжээнд 7,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тус газар нь төсөв хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааг ерөнхийлөн хариуцан ажилладаг. 2018 онд хийгдэх томоохон төсөл арга хэмжээг дурдахад Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг үндсэн тосгоны 3 барилгыг дахин төлөвлөж 5 давхар 55 айлын орон сууц барих ажилд 2,5 тэрбум төгрөг, Миний монгол цэцэрлэг хүрээлэнд Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолборыг шинээр барих, Залуучууд театрын зүүн урд талбайн тохижилт, авто зогсоол, Үйлчилгээний төвөөс Дархан Номингийн уулзвар хүртэлх төв авто зам дагуух гэрэлт гудамж, Дархан сумын 6,7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх авто замыг хатуу хучилттай болгох ажлын 2-р шат зэрэг нэлээдгүй ажлууд төлөвлөгджээ. Мөн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэг худалдан авах, багийн төвийн барилга барих зэрэг 60 гаруй томоохон төсөл арга хэмжээнд нийтдээ 7,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.