Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд “Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг батална” хэмээн заасны дагуу аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг хэлэлцэв.
Уг журмын дагуу аймгийн Засаг даргын дэргэд орон тооны бус зөвлөл ажиллах бөгөөд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий газруудын үйл ажиллагаа явуулах өвөл, зуны цагийн хязгаарыг аймгийн Засаг дарга тогтоон батална хэмээн заажээ.
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий ААНБ нь Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлж, эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх, зөвшөөрөгдсөн газарт үйл ажиллагаа явуулах, сумдын ЗДТГ-тай Худалдаа, үйлчилгээ эрхлэх, аймгийн НААҮГ-тай хог хаягдлын гэрээ, багийн Засаг дарга, СӨХ-тэй хамтран ажиллах гэрээг тус тус байгуулах, аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын баримт олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийлгэсэн байх, Монгол Улсын барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер ерөнхий шаардлага MNS6423:2013 стандарт нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор орчныг хянах гэрэлтүүлэгтэй болгох, 30-аас доошгүй хоног бичлэг хадгалах цахим сан үүсгэсэн байх зэрэг шаардлагыг хангахаар тусгажээ.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид уг журмын төслийг хэлэлцэн, Дархан-Уул аймагт сар бүрийн 17-ны өдөр хэрэгждэг “Архигүй өдөр”–ийн тоог нэмэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгох журмын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг саналуудыг гаргаж, цаашид анхаарах асуудлаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөв.