Аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар /2018.02.28/ “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталсан бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох юм.
“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай журам” нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байна.
Уг журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам талбайн хамрах хүрээ цагийг тусгажээ.
Үүнд Ди Би Эс телевизийн зүүн урд талд байрлах 4 замын уулзвараас ОХУ-ын Ерөнхий консулын газрын зүүн урд байрлах 4 замын уулзвар хүртэлх зам, ДСЦТС ХК-ийн нэрэмжит “Жаргалантын гудамж”-ны Анагаахын их сургуулийн хойно байрлах 4 замын уулзвараас “Ариг банк”-ны урд байрлах зогсоол хүртэл, “Ардын өргөн чөлөө” гудамжны Дархан-Уул аймагт дахь Давж заалдах шатны шүүхийн зүүн урд байрлах 4 замын уулзвараас “Буян зах”-ын баруун талын 4 замын уулзвар хүртэл замуудад зорчих хэсгийн 2 талын урсгалд өглөөний 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл түр болон удаан хугацаагаар зогсохыг хоригложээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоол нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.