Өнөөдөр \2018.03.13\ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 91.3
хувийн эрцтэй хуралдаж нийт таван асуудал хэлэлцэж байна. Дархан-Уул аймгийн
хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний төслийг “Арт Констракшн” ХХК-ийн удирдлагууд
танилцууллаа. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл нь өнөөдрийн
байдлаар шаардлага хангахгүй түвшинд байгаа учраас ажлыг эрчимжүүлж аймаг орон
нутгийн саналыг тусган уялдаа холбоогоо сайжруулж ажлын хэсэг байгуулан
хамтран ажиллахаар болсон юм. Хурлын дараагийн хэлэлцсэн асуудал бол аймгийн
Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөн, үнэт металлын
сорьц тогтоох лаборатори байгуулах тухай тогтоолын төсөл байлаа. Алт худалдан авалтын
төвлөрлийг сааруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Монгол банк,
Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө
оруулалтаар Дархан-Уул, Баянхонгор аймагт Үнэт металлын сорьц тогтоох
лабораторийг байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд өнөөдөр тус асуудлыг
аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хурлаар оруулахаар дэмжигдсэн юм. Дархан-Уул аймагт алт сорьцлох, худалдан авах
зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт АНАТ
2,5%-ийг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх давуу талтай ажээ.
Мөн энэ өдрийн хурлаар “Дархан-Ус Суваг” ХК 2017 оны үйл ажиллагааныхаа товч
тайланг танилцууллаа. 2017 оны жилийн эцэст 3066.09 мян/м3 цэвэр ус олдворлож,
1742.89 мян/м3 усны борлуулалт хийж, Төв цэвэрлэх байгууламжид 2135.51 мян/м3
бохир ус татан зайлуулж, 1757.28 мян/м3 усны борлуулалтыг хийжээ. Усан
хангамжийн төв болон салбар шугам сүлжээний нийт 23 цэгт 1467м шугам хоолойг
шинэчлэн сольж, цэвэр усны 316 гэмтэл, бохир усны 2144 гэмтэл дээр ажиллаж нийт
4049 айл өрхийн дуудлага барагдуулж засвар үйлчилгээ дуудлагын үнэ болох
21.668.210 төгрөгийн орлого оруулсан байна. Өнгөрсөн оныхоо тайланг
танилцуулсны дараагаар хэд хэдэн саналыг Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдэд
танилцууллаа.
- НӨАТ-ын өрийг хөнгөлөх, чөлөөлөх
- Төрийн болон орон нутгийн өмчит компани, ААНэгжийн ажилчин, албан хаагчийн
усны өрийг барагдуулах.
- Шинэ Дарханд “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” байгуулах
- Зуны улиралд Дархан хотын ногоон байгууламж услаж арчлахтай холбоотойгоор,
усан оргилуурын цэнэглэлт, өвөлд мөсөн гулгуур зэрэг ажиллагаанд НААҮГазар
манай байгууллагын машин худгаас их хэмжээгээр ус авдаг тул энэхүү усны тооцоог
шийдвэрлэх
- Дархан сумын 11-р багийн нутагт байрлах цэвэр усны Ф200мм-ийн 633,8м төв
шугам хоолойг шинэчлэх
- Дархан сумын 1, 5, 7 ,8-р багт байрлах зөөврийн ус түгээх 1.2, 5.5, 7.9,
8.1-р байруудыг төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбох
- Ундны усны эх үүсвэрийн ХАМГААЛАЛТЫН БҮСЭД зөвшөөрөлгүй үйл ажиллагаа
явуулахгүй байх зэрэг асуудлуудыг дэмжин ажиллахыг хүссэн юм.