Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Б .Цэрэнчимэд: Био шингэн бордоо нь овор хэмжээнээс гадна хэрэглэхэд хялбар болсон

2018-03-21

Хавар болж, тариаланчдын ажил ид өрнөж байна. Бид үндэсний үйлдвэрлэлээ түгээж буй “Био-Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэдтэй ярилцлаа. Тус компани тариаланчдын гол хэрэгцээний нэг био шингэн бордоог үйлдвэрлэдэг юм.

-Тариаланчдын гол ажил эхэллээ. Үүнтэй зэрэгцээд танай компанийн үйл ажиллагаа ч улам эрчимжиж байгаа байлгүй ...

-Одоогоор 60-аад тонн бордооны захиалга аваад хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна. Өнгөрсөн жил манайхаас бордоо авсан хэрэглэгчид энэ жил захиалгаа өгсөн юм. Хэрэглэгчдийнхээ итгэлийг олно гэдэг ийм сайхан юм даа.

-Мэргэжлийн бус хүн био бордоог төдийлөн мэдэхгүй байх. Иймд та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ талаар ярихын тулд хоёулаа био бордоо гэдэг нь юунаас үүсэлтэй, түүнийг хэрхэн хийдэг тухай ярилцъя. Манай бордооны хувьд Монголын тариалангийн газрын хөрсний лабораторийн судалгаагаар ашигтай бичил биетүүдийг ялгаж авсан байдаг. Үүнийг өсгөвөрлөөд тэжээхэд бордоо болж байгаа юм. Жишээ нь, манай бордооны нэг литр тутамд 18 сая гаруй бичил биетэн хадгалагддаг. Үүнд азот, фосфор, кали зэрэг идэвхижүүлэгч элемент бий. Манай байгууллага хоёр оюуны өмчийн гэрчилгээтэй.

-Тодруулбал ...

- Дархан ризо патент. Энэ нь штамбын нэр гэсэн үг. Дархан ризо патент нь 65 төрлийн бичил биетнийг агуулдаг.

-Танай компани био шингэн бордооноос гадна хуурай бордоо үйлдвэрлэдэг үү?

-Үгүй. Харин Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн лаборатори хуурай хэлбэрээр ризо бордоог 1996 оноос хойш үйлдвэрлэж байгаа. Штамбаа гаргахаас эхлээд хянан баталгаа хийх гээд л. Энэхүү Ургамал газар тариалангийн хүрээлэн нь 14 лабораторитой. Тиймээс манайх туршилт, шинжилгээ хийхээс эхлээд бүгдэнтэй нь хамтарч ажилладаг. Түүнчлэн жил бүр шинээр үйлдвэрлэсэн бордооныхоо тун нормоос гадна бусад зүйлийг нэгдсэн арга зүйн дагуу магистр, доктронтурын хэмжээнд судалгаа шинжилгээ хийдэг. Өнгөрсөн жилийн хувьд магистрантур Н.Оюундалайгийн хувьд Дархан-144 гэсэн үрийн будаанд туршилт хийсэн. Ингэхдээ нэг тонн будаанд 10, 20, 30 литр бордоо хэрэглэвэл ямар вэ гэсэн гурван янзын туршилт явуулсан. Туршилт ч сайн болсон. 

-Нөлөөлөл нь ямар байсан бэ?

-10 литрт 1-2 центр нөлөөлсөн. 20 литрт 2-3, 30 литрт 3-5 центр өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнийхээ үр дүнд хүрээлэнгийн дунд болсон “Эрдэм шинжилгээ”-ний уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Бид аж ахуйн нэгжид нэг га талбайд хэрхэн ургадаг талаар Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Цээл, Жаргалант зэрэг суманд судалгаа хийсэн. Ингэхдээ хөрсний судалгаанд дүгнэлт хийгээд нормоо тогтооход нэг тонн улаанбуудайнд 30 литр, нэг га-гийн улаанбуудайнд 3-5 литр зарцуулагдах шаардлагатай юм гэдгийг тодорхойлсон. Энэ нь хөрсний дээжээс хамаарч байгаа юм л даа. Зарим газар хөрсний доройтолд, зарим нь нэн доройтолд орчихсон байдаг. Энэ нь олон жил тасралтгүй тариалалт явуулсантай холбоотой. Тиймээс өөр өөр үзүүлэлттэй гарч байгаа юм.

-Ер нь олон улсад химийн бордоог хэрэглэж байгаа юу?

-Татгалзаад эхэлсэн. Учир нь ургамлаар дамжиж хүнд генийн өөрчлөлт их явагддаг болохоор тэр. Манай улс БНХАУ-аас жилд 5000-8000 тонн бордоо оруулж ирдэг. Монгол Улсын хэмжээнд жилд 5000 гаруй га газар улаанбуудай, 430 орчим га-д төмс, 15 мянга гаруй га-д малын тэжээл, 24 мянган га-д бусад төрлийн таримал тарьдаг. ОХУ, Канад зэрэг Европын ихэнх улс химийн бордооноос зайлсхийдэг болсон. Тэд манайх шиг татварын шалгалт гэж хийдэггүй. Зөвхөн “Та ямар бордоо хэрэглэв” гэсэн асуулт л тавьдаг. Биологийн гаралтай бордоо хэрэглэхээр уринш ч юм уу, нэг удаагийн бордооны татварын зардлыг төрөөс нь хөнгөлдөг. Харин химийн бордоо хэрэглэх болвол татвараа нэмдэг. Нэг ёсондоо “Хэн хэзээ, хаана үйлдвэрлэв” гэх мэт заавал тэмдэглэгээ тавь гэсэн шаардлага тавьдаг. Харин манай улс одоохондоо хараахан ийм бололцоонд хүрээгүй байна. Дэлхийн агрономичид бордоогүй тариалалтыг “гэмт хэрэг” гэж үздэг юм байна лээ.  

-ОХУ-аас манай улс руу биологийн гаралтай бордоо оруулдаг байсан. Гэтэл сүүлийн үед болих шиг боллоо ...

-Харин тийм, стратегийн бүтээгдэхүүн учраас хориглосон.

-Ер нь био бордоо хаанаас үүдэлтэй юм бэ?

-ОХУ-д 1800 оны үеэс үүссэн гэдэг. Харин хамгийн их судалсан улс бол Япон. Уг улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор, профессор Кига Теро гэдэг хүн нэг метр квадрат хөрсөнд хичнээн бичил биетэн байдаг вэ гэдгийг судлахдаа 26 сая эс байдгийг тодорхойлсон. Үүнийг судлахад 86 төрөлтэй эх үүсвэртэй бордоог гаргасан байдаг. Гэхдээ үүнийг 120 хүртэлх бичил биетэн байх магадлалтай хэмээн баталсан ч хийж чадаагүй л байна.

-Био бордооны ач холбогдол юу вэ? 

-Хүн, байгальд ямар ч сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Түүнчлэн албан ёсны лабораториор өдөр бүр шинжилдэг ч хөндлөнгийн лабораториор сард нэг удаа баталгаажуулдаг. Эс үүсвэр болон бордоо маань хэдэн зэрэгтэй болж байна вэ гэдгийг шинжилгээ судалгааны явцад тодорхой гардаг.

-Тариаланчдад хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө өгдөг үү?

-Өгдөг. Бид хэрэглэгчдэдээ хөрснийхөө дээжийг лабораторийн шинжилгээний дүнгээ үзүүлээч гэдэг. Учир нь орц норм нь өөр өөр болохоор тэр нь бидэнд маш их хэрэгтэй байдаг юм. Нэг га талбайд зарим газар гурав, заримд нь таван литр бордоо ордог. Мөн зарим аж ахуйн нэгжийн өмнөх жил нь хийсэн химийн бордооны эрдэс бодис задраагүй байдаг. Харин манай бүтээгдэхүүн задлаж чадна. Нэг удаа хэрэглэгдэхдээ хөрсөндөө гурваас дээш жил амьдарч чаддаг. Хэрвээ тасралтгүй 3-5 жил хэрэглэвэл хөрсний үржил шим эрс дээшилдэг. Ер нь хөрсний бичил биетнийг гурав хувааж үздэг. Тодруулбал, агаарт орчны бактер, холимог төрлийн бактер, агааргүй орчны бактер гэж. Энэ гурав нь ногоон байгууламжийг бий болгодог.

-Шингэн бордоо нь хуурайгаасаа илүү өгөөжтэй юм шиг санагдлаа. Энэ зөв үү?

-Овор хэмжээнээс гадна хэрэглэхэд хялбар болж байгаа юм. Нэг га талбайд 3-5 литр гэдэг нь үрэндээ хийх хэмжээ. Үрээ норгож байна гэсэн үг. Харин ургалтын үе шатуудад 20 литр бордоог 200 литр уусмалд хийж цацаж байгаа юм.

-Найрлагад нь юу, юу орсон байдаг вэ?

-Бичил биетүүд гэсэн үг л дээ. Дээр хэлсэнчлэн 18 сая бичил биетэн, Үүнд азот, фосфор, кали зэрэг идэвхижүүлэгч элемент бий. Худалдан авагч нартаа бид тодорхой тайлбар өгч, шинжилгээний бичгээ үзүүлдэг. Ингэхийн тулд тариаланчид маань хамгийн гол нь хөрсний дээжээ шинжлүүлсэн байх шаардлагатай.

-Хөрсний дээжийг хэрхэн шинжлүүлдэг юм бэ?

-Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал хамгааллын хүрээлэнд шинжилдэг. Шинжилгээг 20 га талбай тутамд нэг дээж гэж үздэг.

-Танай компани байгуулагдаад жилийн нүүр үзлээ. Хэрэглэгчдийн үр дүн ямар гарсан байна вэ?

-Бид үр дүнгээ хоёр аргаар тооцож байгаа. Эхнийх нь хүрээлэндээ туршилт судалгаа хийдэг арга, удаах нь хэрэглэгчийн тандалт судалгаа. Хэрэглэгчийн тандалт судалгааны хувьд бид тэдэнтэйгээ үргэлж холбоотой байдаг. Хэн, хэдэн тонн бордоо, хааш нь авч явав гэх мэт. Хэдий үед, ямар байдлаар цацах ёстойг ч нарийн зааж өгдөг. Зарим үед ч өөрсдөө газар дээр нь очиж зөвлөдөг. Ингээд сүүлд нь био бордоо хэрэглэсэн талбай, хэрэглээгүй талбай 2-ыг харьцуулж үзэхэд био бордоо хэрэглэсэн талбай нь энгийн талбайгаас хүнсний ногоонд 1 дахин, улаанбуудайнд 3-4 цн илүү ургац авсан мэдээтэй байна.

-Ингэхээр танай үйлдвэр улсын хэмжээн дэх тариалалтын хэдэн хувийг хангаж байна вэ?

-10-20 хувийг. Тасалгааны цэцгээс эхлээд бүх ургамалд хэрэглэгддэг. Учир нь газрын хөрснөөс гаргаж авсан бичил биетэн болохоор тэр. Бусад бордооноос ялгаатай нь юу вэ гэвэл Монголд монгол хүн өөрөө л ялгаж авсанд байгаа юм. Жишээлбэл, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн микробиологийн лаборатори гэдэг маань 1996 онд үүсэн байгуулагдсан. Харин хөрсний лаборатори нь Монгол Улсын Засгийн газраас тогтоол шийдвэр нь гараад улсын хэмжээний бүх газрыг судалгаа шинжилгээнд хамруулчихсан. Өнөөдрийн хувьд өнгөрсөн жил хийсэн хөрснийх нь дээжтэй харьцуулаад нормативийг нь зөвлөж, тодорхойлох бололцоотой.

-Ургамал, газар тариалангийн хүрээлэн өмнө нь хуурай бордоо үйлдвэрлэдэг байсан гэсэн. Үйлдвэр байгуулагдсанаар ямар ач холбогдолтой байна вэ?

-Өөрсдийнхөө хэмжээнд жилд 10 орчим тонн хуурай бордоо хийдэг байсан. Харин үйлдвэртэй болсноор жилд 100-300 тонн шингэн бордоо бий болгох хүчин чадалтай болсон. Тэгэхээр 10-30 дахин хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг.

-Танай бордоог хамгийн ихээр аль аймаг хэрэглэж байна вэ?

-Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Ховд аймаг. Гэхдээ ер нь ихэнх аймаг хэрэглэнэ шүү. Ам сайтай байгаа.

-ОХУ, Канад зэрэг улс био бордоо хэрэглэдэг гэж та дээр хэлсэн. Танайхтай харьцуулахад ямар байдаг юм бол ...

-Газар зүйн онцлогоос хамаараад ОХУ-д хэрэглэдэг био бордоог Монголд хэрэглэхээр дасах байдалтай нь уялдуулахын тулд судалгааны хувьд жил алддаг тал бий. Харин Монголд байгаагаа эндээ хэрэглэвэл шууд нөлөөлдөг. Гол юм нь сүүлийн үед гандалт их болж байгаа болохоор манай бордоог хэрэглэвэл ургамал стресст орохгүйгээр төлжинө. Манай компани тухайн аж ахуйн нэгжийн хөрсний шинжилгээний хариуд тохирсон орц норм гаргаж зөвлөгөө өгнө. Ингэснээр хэрэглэгчдийн эрсдэл багасна, ургац арвин болно.

-Танайх бордоогоо хэдэн литрээр худалдаалдаг вэ?

-Нэг, таван литрээр. Хайрцгандаа 20 литрээр багцлагдсан. Нэг литрээр цэцэг, мод зэргийг, таван литрээр нь нэг га талбайд тарих үрийг ундаалах зориулалттай.

-Бидний ярилцлагыг уншсан тариаланчид хуурай болон шингэн бордооны аль нь зардлын хувьд хэмнэлттэй бол хэмээн бодож байж болох. Үүнд та хариулт өгнө үү?

-Нэг га талбайн үрэнд химийн бордоог 70-220 кг хүртэл хийдэг. Харин манай бордоо 3-5 литр л зарцуулагдана. Ургалтын үед 20 литр. Тэгэхээр манайх харьцангуй хэмнэлттэйд орох нь тодорхой харагдаж байгаа биз. 

-Анхаарах зүйлс бий юу?

-Байгаа. Хлортой усанд найруулж болохгүй. Ялангуяа цэцэг услаж байгаа хүмүүс крантны устайгаа шууд хольж усладаг. Хэрвээ тэгэх юм бол бактер буюу бичил биетүүд нь үхдэг. Мөн үрээ норгосныхоо дараа 48-72 цагийн дотор тариалалт хийх ёстой. Тэгэхгүй бол будаанд соёо тогтдог аюултай. Жишээ нь, 16 удаа буталж байсан будаа найм болж багасдаг. Тиймээс хэрэглэгчид маань заавартайгаа сайн танилцах хэрэгтэй. Түүнчлэн ургалтын үед бодис цацсан автомакс, хор цацагч шороо сайн цэвэрлэх шаардлагатай. Үүнийгээ усаар 3-5 удаа зайлахад л хангалттай. Хүмүүс ургалтын үед “Хороо цацчихлаа. Одоо яах вэ” гэдэг. Иймд 7-10 хоногийн дараа био бордоог хэрэглэвэл нөлөөлнө. Харин хорны урд хэрэглэвэл зэрлэг ургахаас эхлээд үр дүнгүй болдог.

-Ярилцсанд баярлалаа. Ургац арвин байх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

-Баярлалаа. Таны ажилд ч амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%