НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх бөгөөд НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн мэргэжилтэн Б.Oюун, Л.Билгүүн, ГХУСАЗСЗ-ийн ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал нар энэ сарын 27-29-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.
Тэд энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт явуулах болон хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг Цэгийн Үйлчилгээний төв”-ийг байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн ямар дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.
НҮБ болон ХЗДХЯ-ны төлөөлөгчид /2018.03.28/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт үйл ажиллагаа явуулж буй хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээг үзүүлэх “Нэг цэгийн өрөө”-ний нөхцөл байдалтай газар дээр нь үзэж танилцлаа.
НҮБ-ын Хүн амын сангаас хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг Цэгийн Үйлчилгээний төв”-ийг байгуулахад 50 сая төгрөгийн дэмжлэгийг хэрэгжүүлэгч яамдаар дамжуулан үзүүлэх бөгөөд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс хүргэхэд шаардлагатай байр, ажиллах боловсон хүчин, урсгал зардлыг тухайн орон нутаг хариуцах юм.
Дархан-Уул аймаг нь 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Түр хамгаалах байр” худалдаж авахаар төлөвлөн, тендерийн үйл ажиллагаа явуулахаар Үнэлгээний хороог байгуулан ажиллаж байна.
Орон нутгаас хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээг үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийг байгуулах барилга байгууламжийн техникийн тодорхойлолтод MNS6040:2009 стандарт, Цагдаагийн болон эрүүл мэндийн тусламж авах бололцоотой газар, 20-30 иргэн байршуулах 15-с доошгүй өрөөтэй, өрөө бүрт душ, тосгуур бүхий ариун цэврийн өрөөтэй, вакум цонх, төмөр торон хамгаалалт, төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны систем, холбоо болон дохиоллын нэгдсэн системд холбогдсон зэрэг 14 шаардлагыг тусгажээ.