Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөрс элэгдэлд орж, ялзмагийн агууламж буурч байгааг анхаарууллаа

2018-05-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дархан-Уул аймагт ажиллан, тариалалтын бэлтгэлтэй танилцлаа. Тэрээр Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар Ерөнхий сайдыг дагалдан орон нутагт ажиллалаа


Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал доктор  Н.Баярсүх хүрээлэнгээ танилцуулав. Тус хүрээлэн долоон сектортой. Сектор бүр газар тариалангийн хэсгүүдийг хариуцан судалдаг юм байна. Таван лабораторитой.

Элит үр үйлдвэрлэн, тариаланчдад нийлүүлдэг. Мөн манай нөхцөлд дасан зохицсон шинэ сорт гарган авахаар судалгаа хийдэг. Гадаадын таримал сортыг Монголд авчран нутагшуулдаг. Бордох технологи, хөрсний үржил шимийг тогтоох, хамгаалах судалгаа зэргийг хийдэг аж. 

Жилд 120 мянган булцуу буюу элит  үрийн 40 хувийг энэ хүрээлэн өөрийн талбайгаас дангаараа үйлдвэрлэдэг байна. Манай улсын цорын ганц таримал ургамлын генетик нөөцийг энд бий болгон хадгалдаг. 1960-аад оноос эхлэн энэ нөөцийг бүрдүүлж эхэлжээ.  Өнгөрсөн хугацаанд нийт 200 орчим сорт гаргаснаас улаан буудайн 20, төмсний 13, хүнсний ногооны 44 сортыг нутагшуулжээ. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 27 дугаар тогтоолоор үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшилд тулгуурлан, элит үр үржүүлэх, аймгийнхаа дотоодын үрийн хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “ Дархан үр” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Хүрээлэнгийн эрдэмтэд хөрсний үржил шим ихээхэн буурсныг онцолсон юм. Нийт хөрсний 70 орчим хувийн ялзмагийн агууламж буурсан, 61 хувь нь элэгдэлд орсон, калийн, фосфорын гэх мэт агууламж эрс буурч, хөрс маш ихээр ядуурсан гэв. Хөрсөө дайчилсан тул бордооны хэрэглээ их болжээ.

Иймд юуны өмнө тариалангийн хөрсийг эрдэсийн болон шимээр бордох шаардлага бий. Хөрс хамгаалах технологийг манай улс хамгийн анх 1980 онд нэвтрүүлсэн аж. Өнөө үед хөрсийг хагалж тариа ногоо тарьдгийг болиулан хавдаг болсон байна. Мөн хөрсийг зүсэн, онгойлголгүй үр суулгадаг шинэ технологиуд нэвтэрснийг ч танилцууллаа. 

Хөрсөө хучвал хөрс дулаан, чийгээ хадгална. Гэвч мал сүргээс тариан талбайг хамгаалахгүй бол хөрсөө мянга хамгаалаад ч үр дүн үзүүлэхгүй. Талбайг хашаалахаас өөр аргагүй гэсэн юм. 

Техникийн ургамлын шинжилгээг сүүлийн үед эрчимтэй хийж байна. Буудайн дараа рапс тариалж байна. Мөн тос, тэжээлийн ургамал ихээр тариалж байна. Учир нь эрчимжсэн фермерийн аж ахуй ихээхэн нэмэгдлээ. Буурцагт ургамлыг тэжээлийн ургамлын сэлгээнд нэвтрүүлэх шаардлагатай. Яамны сорт сорилоос баталгаажуулсан. 

Үрийг дотоодын нөөцөөр хангах асуудлыг одоо ч шийдэж чадаагүй байна. Үр, сортын тухай хуулийн төсөл боловсруулна. Органик бордоо зайлшгүй хэрэгтэй. Хуурайшилт, гангийн давтамж нэмэгдэж буй тул усалгаатай тариалалт руу шилжих, томоохон усан сангууд байгуулах хэрэгтэй.  

Тос, техникийн ургамлын судалгааг эрчимжүүлэн, хүрээлэн дотроо бие даасан нэгж байгуулах хүсэлтээ Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн удирдлагууд илэрхийлэв. Мөн гангийн судалгааны лаборатори байгуулах шаардлагатайг онцолсон юм.  Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%