Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” олон улсын чуулган боллоо

2018-05-31

 “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” олон улсын чуулган  /2018.05.30/ боллоо.


Дэлхий дахинд иргэд төр, засгаасаа төрийн үйлчилгээний чанарыг эрс сайжруулах, татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийг үр ашигтай зарцуулах, ил тод тайлагнах, авлига, хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчийн чадамж, бүтээмж, чанарын соёлыг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхийг шаардах боллоо.

Улс орны эдийн засгийн өсөлт болон хүн амын амьжиргааны түвшин төрийн байгууллагын бүтээмжтэй нягт холбоотой. Төрийн байгууллагын муу засаглал хөгжиж буй ихэнх орны хөгжил дэвшилд саад болж буйг Дэлхийн банкны судалгаа харуулж байна.

Иймд сүүлийн жилүүдэд Азийн Бүтээмжийн Байгууллага орнуудын төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч, олон талт арга хэмжээ авч байна.

Засгийн Газрын Хэрэг эрхлэх Газар, Удирдлагын Академи, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн байгууллагын бүтээмжийн үзэл баримтлал, бүтээмж дээшлүүлэх загварыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо.

Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь хөгжилд саад болж байна. Төрд итгэх итгэл буурсан нь ч үүний илрэл. Бүтээмжийг хэмжих гол хэмжүүр нь ард иргэдийн төрд итгэх итгэл юм. Төрийн албан хаагч бол төрд итгэх ард түмний итгэлийг тээж яваа үйлчлэгчид. Иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулж, төрийг төр шиг байлгахын төлөө төрийн албан хаагч бүр ёс зүйтэй, шударга, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ тогтолцоог бүрдүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго гэлээ.

Засгийн газар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Төр сахилгатай, хариуцлагатай, шударга, ёс зүйтэй, тогтвортой, мэргэшсэн чадварлаг болж байж бүтээмж дээшилнэ, иргэдийн амьдрал сайжирна гэдгийг тэмдэглэлээ.

Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх нөгөө чиглэл нь цахим шилжилт. Засгийн газар цахим шилжилт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр цахим оролцоо, цахим мэдээлэл, цахим шийдвэр гэсэн гурван хэсэгтэй. Мөн “Хур систем” төслийн хүрээнд төрийн 32 үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Төрийн үйлчилгээг шуурхай, ил тод нээлтэй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх нь цахим шилжилтийн зорилго гэлээ.


 "Төрийн байгууллагын бүтээмж чадавхийг бэхжүүлэх асуудал" чуулганд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Төрийн албаны цаг ашиглалт, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чуулганд оролцогчдыг манлайлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уриаллаа.

Засгийн газрын ахлах референт Д.Зоригтбаатар: “Төрийн албан хаагч иргэд, олон нийтийн сэтгэл ханамжид нийцүүлэн ажиллах ёстой. Манай улсад бүтээмжийг 90-ээд оноос түлхүү хэрэгжүүлж, хэмжиж эхэлсэн. Гэхдээ манайд бүтээмжийг хэмждэг төхөөрөмж, нэгж байхгүй.

Албан хаагчдын бүтээмжийн түвшинг одоохондоо хангалттай гэхгүй. Боловсрол, эрүүл мэнд, зам тээврийн салбарын бүтээмж муу байна. Тиймээс өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэн, дээшлүүлэхийн тулд бид энд байна” гэв.

Цаашид төрийн байгууллагын бүтээмжийг олон улсын тэргүүн туршлагад үндэслэн, улсын хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх замаар өсгөх юм байна.  Р.Тунгалаг-Эрдэнэ



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%