Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.Батчимэг: Xүнд өвчинтэй тэмцэж ирсэн охины минь тэвчээрийн хязгаар тасрах вий гэж айж байна

2018-06-12

Н.Энхжаргал охин 2009 оны гуравдугаар сард А.Нарангэрэлийн ууган охин болон мэндэлсэн. Төрөхдөө толгой нь том байсан учир Дарханаас ЭХЭМҮТ-д нарийн шинжилгээ хийлгэхээр ирээд “Зүрхний ховдол хоорондын цоорхойтой” гэж оношлогджээ. Зүрхний төрөлхийн эмгэгтэй бие султай охин тасралтгүй эмчилгээ хийлгэнэ, эмнэлэгт хэвтэнэ. Ингэж явсаар 2012 оны тавдугаар сард Улсын гуравдугаар төв эмнэлэгт Япон эмч нар ирэхэд ховдол хоорондын цоорхой нөхөх мэс засалд орсноор хүнд өвчнөөсөө ангижирсан байна.

Зүрхний мэс засалд ортлоо маш их эмчилгээ хийлгэсэн тул эмэндээ хордсон уу, элэгний хатууралтай элэг шилжүүлэн суулгахаас аргагүй болсон байжээ. Тухайн үед хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг 85 сая төгрөг, төрөөс үзүүлэх ямар ч хөнгөлөлт байсангүй.

Хүнд өвчтэй хүүхэдтэй, эзэмшсэн мэргэжил, тогтсон ажилгүй залуу гэр бүлд 85 сая төгрөг бол санаанд багтамгүй мөнгө. Гэвч энхрий охиныхоо эмчилгээг тасралтгүй хийлгэж, эмнэлгийн хяналтад явсаар өдийг хүрчээ. Өвдлөө гэж уйлж, бахирахгүй тэсэхүйеэ бэрх өвдөлтийг шүд зуун давж ирсэн бяцхан охины тэвчээр хатуужлыг бишрэм.

“Миний охин маш тэвчээртэй. Яаж ч өвдсөн “Ёо” гэхгүй, хөлс нь асгараад 40 хэм хүртлээ халуурсан байдаг. Эсвэл гэнэт эвхэрч унаад, “Эмээ ууя” гэдэг. Тариа хийлгэж, өчнөөн хатгуулахдаа ам ангайдаггүй охины минь тэвчээртэйг хүүхдийн сувилагчид үнэхээр гайхдаг юм. Миний охин өвчинтэйгээ маш их тэмцэж байна. Хэвлийгээр нь маш хүчтэй өвддөг тул өвчин намдаах эмнээс аль хүчтэйг нь ууна. Одоо тариулахаасаа халширдаг болж байна.

Ингэж зовж байгаа охиноо хараад өр өвддөг. Нялхаасаа хүнд өвчинтэй тэмцэж ирсэн түүний минь тэвчээрийн хязгаар тасрах вий гэж айж байна” гэж Н.Энхжаргалын ээж Д.Батчимэг ярив.

Н.Энхжаргал охин элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал шинжилгээнүүдээ хийлгэхээр ээж, аавын хамтаар Улаанбаатарт ирээд байхад нь уулзлаа. 

Зүрхний мэс засалд ортлоо маш их эмчилгээ хийлгэсэн тул эмэндээ хордсон уу, элэгний хатууралтай элэг шилжүүлэн суулгахаас аргагүй болсон байжээ.

 

-Охин одоо ямар зовиуртай байгаа вэ? 
-Улаан хоолойн судаснууд нь өргөссөн. Элэгний цирроз нь хүндэрсэн учир сардаа 2-3 удаа Дарханыхаа нэгдсэн эмнэлэгт хэвтдэг. Удаан алхаж чадахгүй. Шинжилгээ хийлгэхдээ аавтай нь хоёулаа ээлжилж тэврээд эмнэлгээр явж байна. Ядарвал ам хамраас нь цус гарна, эсвэл өндөр халуурна, хэвлийгээр нь хүчтэй өвдөнө. Миний охин эмээр “хооллож” байна.  

Бие нь дордсоор байгаа. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж эмч хэлснээс хойш бараг таван жил өнгөрлөө. Өвчин нь хүндрээд байгаагаас өөрөөр миний охин ээж, аавыгаа зовоогоогүй. Ийм хүнд өвчинтэй тэмцэж амьдралын төлөө тэмүүлж байгаа охиныхоо хажууд аав, ээж бид хоёр нь зовлоо гэж хэлээд яах вэ.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг хэдэн төгрөг болох вэ? 
-Эмчийн хэлснээр 85 сая төгрөг, үүнээс 65 саяыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. Үлдсэн 20 сая төгрөгийг хувь хүн хариуцна. Хагалгааны өмнө болон дараа нь өндөр төлбөртэй эмчилгээ хийнэ гэсэн. Хэдийгээр 20 сая төгрөг боловч эм, тарианыхаа мөнгийг яая гэж байгаа бидний санаанд багтахгүй тоо юм. Мөнгө төгрөг хүрэлцэхгүйгээс хагалгааны өмнөх төлбөр өндөртэй шинжилгээнүүдээ ч гүйцэд хийлгээгүй явна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр Монголд хямд, Солонгост 140 сая төгрөг байдаг гэж эмч хэлсэн.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэвэл охин бүрэн эдгэрэх болов уу, эмч нь юу гэж байна? 
-Охины бие гэнэт муудаад бид хоёр өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭХЭМҮТ-д хэвтэж, арай дээрдээд буцсан. Эмч нар “Энэ хагалгаанд л оруул”, давж гарч чадна гэж хэлсэн. “Дэлүү томорсон учир хагарах магадлал өндөртэй. Дэлүү тайраад нэмэргүй, элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй” гэсэн. Охин бид хоёрын цусны бүлэг тохирч байгаа. Би охиндоо донор болно. Бид хоёр тус бүр 27 шинжилгээ өгөх ёстой. 

-Та хоёр хэчнээн шинжилгээ хийлгээд байна вэ? 
-Охины ихэнх шинжилгээг Эх, нялхсын эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгээд гүйцсэн. Харин миний хувьд 300 мянган төгрөгийн төлбөртэй компьютер томографийн шинжилгээ л үлдэж байна. Миний охин нялхаасааа л өвчин ороосон. Өдий хүрсэн охиноо эмчлүүлмээр байна. Хагалгааны өмнөх болон дараах эмчилгээнд 20 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн. Нэг айлаас хоёулаа хэвтэнэ. Ар амьдралаа бүрэн зохицуулаад хэвт гэсэн үг байх л даа.

-Охиныхоо эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр авдаг уу?

-Үгүй ээ, эрүүл мэндийн даатгалаар яаж хөнгөлөлт эдэлдгийг хөөцөлдөх зав үнэндээ гардаггүй юм. Эмний үнэ байсгээд л нэмэгдэж байна. Өдөр бүр “Эссенциал” дуслаар тариулдаг. Анх 6500 төгрөг байсан тариа хоёр жилийн дотор 8500 болсон. Өөр аптект очиход 9000 төгрөг гэх жишээтэй.

Уг нь тариулахад илүү үр дүнтэй байдаг ч сүүлдээ тариагаа авч дийлэхгүй эмээр нь уулгаж байна. Эмийг нь ч тасралтгүй уулгаж чадахгүй л байна. Олон жил эмнэлгээр явахад үнэндээ туйлддаг юм байна. Дарханы нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид биднийг мэддэг болохоор их тусалдаг. Эмнэлэгт ирэхэд л эмч, сувилагчгүй хөдлөөд, аль болох гаднаас эм тариа авахуулахгүй эмчлэхийг хичээдэгт баярлаж явдаг юм. Сая хот руу ирэх болоход эмч, сувилагчид “Шинжилгээнийхээ төлбөрт нэмэрлэ” гээд 50 мянга гаруй төгрөг цуглуулж өгсөн.

-Танай нөхөр ажил хийдэг үү? 

-“Мөнхболор” гэж шохойн үйлдвэрт ажилладаг. Бид хоёр охиныхоо эм тариаг таслахгүй явсан, олон жил явахад ганцхан хүний цалингаар арай дийлэхгүй юм. Би хүүхдийнхээ эмийг авах гэж өр тавина, нөхрийн цалин буухад төлнө. Хажуугаар нь нярайтай, хүүхдийнхээ угжны сүү, памперсийг авна. Тэгэхээр нэг хүний цалин амьдралд арай хүрэлцэхгүй юм. Урд нь болоод байсан юм аа, бид хоёр одоо арай л туйлдаж байна. Би айлын ганц, манай нөхөр бас ам бүлтэй цөөтэй учир дэм болох ах дүү бараг байхгүй дээ. Гэхдээ манай Дарханы сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өгч, тэр хандиваар шинжилгээгээ хийлгэж байгаа юм.

Н.Энхжаргал том болоод сувилагч болж, өөр шигээ өвдөж зовсон хүмүүст туслахыг мөрөөддөг сайхан сэтгэлтэй охин. 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 

Гурван хүүхэдтэй. Том нь Энхжаргал. Дунд охин тав, бага хүү найман сартай. Би бага хүүгээ төрүүлээд л эгчийг нь эмнэлгээр авч яваад багыгаа бараг орхисон доо. Биднийг эмнэлгээр явахад ээж минь хоёр бага хүүхдийг харж тусалдаг.

-Энхжаргалыг сургуульд явуулж үзсэн үү? 

-Сургуульд оруулж үзсэн. Сургуульд явсан бол миний охин гуравдугаар ангид байх ёстой. Сурах сонирхолтой, хичээлдээ дуртай байсан. Халуурч байж л хичээлдээ явна гэдэг. Үнэндээ ядраад бие нь дийлэхгүй байсан, Эмч нар ч сургуульд явуулахыг хориглосон болохоор удаагүй гаргасан.

Энхжаргал том болоод сувилагч болж, өөр шигээ өвдөж зовсон хүмүүст туслахыг мөрөөддөг сайхан сэтгэлтэй охин. “Намайг байхгүйд сайхан сэтгэлтэй сувилагч эгч усанд оруулаад, охинтой их ярьсан шиг байгаа юм. Миний охин сувилагчтайгаа утсаар ярьдаг” гэж  ээж нь хэлэв. Н.Энхжаргал амьдралд хайртай охин юм. Хүнд өвчнөө тэсвэрлэхийн зэрэгцээ нэгэн сайхан өдөр эрүүл болж, олон хүнд тустай сувилагч болно гэж мөрөөдөх өөдөсхөн охинд амьдралд бэлэглэе.

Эрүүл мэндийн тухайн хуульд 0-18 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр тусгасан ч өндөр төлбөртэй эмчилгээг бүрэн дааж чадахгүй байна.

Иймд охины ээж Д.Батчимэг, А.Нарангэрэл нар сайхан сэтгэлт олон түмэндээ хандаж байгаа юм. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг 85 сая төгрөг, үүний 65 саяыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. Үлдэгдэл 20 сая төгрөгийг бүрдүүлэхэд хандивын гар сунгаж, бяцхан элгийг дэвтээе, сайхан сэтгэлт хүмүүс минь.


Н.Энхжаргалын ээж Д.Батчимэгийн дансны дугаар ХААН банк 510 819 7249

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%