Дархан-Уул аймгийн Засаг даргын
2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сургууль, цэцэрлэгийн менежмент,
сургалтын чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвар, хамран сургалтыг нэмэгдүүлэх
зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд Улсын их хурлын
гишүүдтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдөр /2018.06.23/ Монгол
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өөрийн тойрогтоо буюу Дархан сумын 8 дугаар
багийн 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын
шав тавих ёслолыг морин цагт хийлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Улсын Их
Хурлын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид,
Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд
оролцсон юм. Тус баг нийтдээ 8500 орчим иргэдтэй бөгөөд үүнээс 720 гаруй нь 2-5
насны хүүхэд багачууд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дээрх хүүхэд багачуудын 63
хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг бөгөөд тус цэцэрлэгийн өргөтгөл
ашиглалтад орсноор тухайн багийн хүүхэд багачуудын 93 хувь нь цэцэрлэгт
хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг
“Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилээс өмнө
ашиглалтад оруулах ажээ.