Орон нутгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэж, гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж ажилладаг.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Б.Элдэвсайхан, Төлөөлөгч Н.Батсайхан, Д.Хүрэлчимэг нар аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх, Захирагчийн алба, Барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүдийн хамт /2018.08.30/ 2018 онд Дархан-Уул аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ онд манай аймагт улсын болон орон нутгийн төсвөөр 150 бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ удаад Дарханчуудын хамгийн их хүлээлттэй байгаа Спорт цогцолбор, Дархан сумын 11, 12, 13, 14, 15 дугаар Багийн төвийн барилга, Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга, 9 дүгээр багт шинээр нээгдэж буй 100 хүүхдийн цэцэрлэг, 23 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, үндсэн тосгоны брак байруудын дахин төлөвлөлт, Хараа голын төмөр бетон гүүрийн засварын ажилтай үзэж танилцан, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзан, барилгыг цаг хугацаанд хүлээлгэхэд юу шаардлагатай талаар санал солилцлоо.
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 2 жилийн хугацаанд санхүүжилтгүй улмаас “гацаанд орсон” байсан.
Харин энэ жил төсөвт 4.7 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд суулгаснаар төслийн ажил урагшилж нүдэнд харагдах ажлууд хийгдэж байна.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид барилгын явцтай танилцах үеэр гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн Барилгын талбайн даамал О.Нэмэхбаатар барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дотоод засварын ажил 60 хувьтай хийгдэж байна. Гадна фасадны зураг төсөл саяхан ирсэн учраас түр саатсан. Гэвч энэ ондоо багтааж А, Б блокыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тухай мэдээлэв.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэдэнд Дарханчуудын хүсэн хүлээж буй спорт цогцолборыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд хүч хүчээ нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулж, 9 дүгээр сарын дундуур ИТХ-ын Төлөөлөгчдийн хамт дахин барилгын явцтай танилцана хэмээн ярилаа.
“Спорт цогцолбор” нь нийт 20.000 м2 талбайтай бөгөөд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метр урттай усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимуудтай байх аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхим ч багтах юм байна.
50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ӨГНӨ
50 ортой 3 давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын угсралтын ажил 08 дугаар сарын 4-нөөс эхэлжээ. Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа ба барилгын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцах үеэр /2018.08.30/ байдлаар барилга угсралтын ажил 15 хувьтай явагдаж байлаа.
БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН БАРИЛГА УГСРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид бүтээн байгуулалтын ажилтай үеэрээ Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн төвүүдийн барилгын ажилтай танилцлаа.
Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн 3 барилгыг нийт 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд 12x12 хэмжээтэй 3 давхар барилгыг “СБМ” ХХК гүйцэтгэж байна.
Дархан сумын 15 дугаар багийн төвийн барилгын угсралтын ажил 20 хувьтай, 11, 12 дугаар багийн төвийн барилгын ажил 30 хувьтай явагдаж байна.
Аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат “Эдгээр багийн төвийн барилга ашиглалтад орсноор шинэ, хуучин хороолол, мангиртын 6 багийн иргэд ая тухтай орчин нөхцөлд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломж нэмэгдэж байна” хэмээн онцлов.
ДАРХАН СУМЫН 9 ДҮГЭЭР БАГТ ШИНЭЭР 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Энэ жил Дархан сумын 9 дүгээр багт шинээр 100 хүүхдийн ортой нэг цэцэрлэгийн барилгыг худалдаж авч төрийн өмчит цэцэрлэгийг нэгээр нэмэгдүүлнэ. Уг цэцэрлэгийн барилгын ажил 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоод заслын ажил хийгдэж, дууссан байна.
Боловсролын яамнаас сандал ширээ болон бусад эд материалаар хангасан ба, зөөлөн эдлэл худалдан авахад орон нутгаас дэмжлэг хүсэж байгаагаа тус цэцэрлэгийн удирдлагууд илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэдний хүсэлтийн хүлээн авч, орон нутгийн төсөвт тусгахад анхаарал хандуулна гэв.
Манай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 92 хувьтай байна.
23 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Дархан сумын 8 дугаар багийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийг 23 дугаар цэцэрлэгийн дэргэд барьж байна
Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид барилгын ажлын явцтай танилцах үеэр ердөө 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.
Хэдийгээр тус өргөтгөл 2019 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн боловч энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөө хангалтгүй хэрэгжиж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид энэ үеэр өвлийн улирал эхлэхээс өмнө хүн хүчээ нэмэгдүүлж, графикийн дагуу ажлаа гүйцээх үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өгсөн юм.
Тус баг 2-5 насны 720 гаруй хүүхэд багачууд байдаг аж. Өнөөдрийн байдлаар дээрх хүүхэд багачуудын 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг бөгөөд тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тухайн багийн хүүхэд багачуудын 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж үзэж байна.
ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖЛЫГ ТҮРГЭВЧЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажлыг “Цагаан зуун” ХХК 4,7 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа. Хэдийгээр 2018 онд 2 насос станцын байрыг барихаар төлөвлөгдсөн боловч аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллагуудыг ажлын явцтай танилцах үеэр гүйцэтгэл хангалтгүй байлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ажлын явцтай газар дээр нь танилцах үеэрээ төр хувийн хэвшлийн хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэлийн бүрэн хангах, хугацаа хожимдож байгаа зөрчлийг даруй арилгах тухай мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хангах, хүний нөөцийг нэмэгдүүлж, барилгын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө бүрэн хийж дуусгах үүрэг чиглэлийг өгөв.
Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд 3 км дулааны шугам, 4 км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийгдэнэ. Шугам 2 гудамжны дунд 1 байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руу татах зэргээр инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 сард бүрэн дуусах ёстой юм.
Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
ХАРАА ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Төлөөлөгчид 2018 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нэг болох Хараа голын 135 метр урт төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажилтай танилцав.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 метр урт төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил энэ оны 05 дугаар сарын 15-наас эхэлсэн аж.
Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү засварын ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамны санхүүжилтээр “Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна.
Засвар арчлалтын ажил 2019 оны 10 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч энэ ондоо багтаан хийж дуусгахаар төлөвлөн, тулгуур хэсгийн эвдрэлтэй холбоосуудыг ган төмрөөр холбож, замын залгаасуудад уян олс чигчих зарчмаар найдвартай ажиллагааг бүрэн хангахад анхаарч ажиллаж байгаа хэмээн гүйцэтгэгч байгууллагын зүгээс тайлбар хийв.
60-Н АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ИД ӨРНӨЖ БАЙНА
Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болж тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээгээ байгуулсан.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр “Минж проперти” ХХК шалгарсан. Тэд хуучин брак байрыг буулган, барилгын суурийг ухаж, цутгахад бэлтгэж байлаа.
Уг барилгын ажил ирэх оны зургаа дугаар сард дуусаж ашиглалтад орох юм байна.