Ахмадын зөвлөх баг хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай танилцана
2018 оныг Дарханчууд Ахмадыг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ хүрээндээ 18-н баг тус бүрээс 2 ахмад настныг сонгон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулахаар Ахмадын зөвлөх багийг байгуулжээ. Өнгөрсөн 5-н сард тус зөвлөх баг байгуулагдсан бөгөөд 06 дугаар сараас эхлэн аймагтаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан байна. Дархан-Уул аймагт Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 19 тэрбум төгрөгийн өртөг бүхий 191 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс 8-н газрын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай ахмадууд танилцжээ. Аймгийн удирдлагуудтай Ахмадын зөвлөх баг уулзалт хийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар санал солилцлоо. Аймаг орон нутгаас хийж байгаа бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж иргэдийнхээ талархлыг хүлээж байгааг ахмадууд дуулгаад зарим шүүмжлэлтэй саналуудыг хэлсэн юм. Төрөөс баримталж байгаа бодлогоо ул суурьтай хэрэгжүүлж байгаа ч зарим хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гадна тохижилтоо хийхгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандлаа. Цаашдаа ахмадууд хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.