/2018.09.25/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ДСЦТС ХК-аар зочиллоо. Уулзалтын эхэнд компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат танилцууллаа.
ДСЦТС ХК-ийн тухайд аваарын нөөц бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу 65 хувьтай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаар энэ онд 13 ажил хийхээр төлөвлөснөөс 12 ажил хийгдсэн 90 хувийн гүйцэтгэлтэй байна.Их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлуудыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна. Уулзалтын төгсгөлд ажлын хэсгийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. Мөн хэд хэдэн анхаарч ажиллах асуудлуудын талаар аймгийн ИТХ-ын дарга онцлон тэмдэглэлээ. Тухайлбал: Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр мэдээлэл өгч шаардлагатай тохиолдолд зорилтот бүлгийн зарим айлуудын цахилгааны монтажийг шинэчилж өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.Энэ тал дээр ч аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Тус хүсэлтийг ч Ерөнхий инженер Б.Батжаргал хүлээн авч ажил хэрэг болгохоо илэрхийлжээ.