Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулдаг бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.10.03/ боллоо.
Уг зөвлөгөөнөөр Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал 2018 онд “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай”, “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”, “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”, “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” зэрэг хуулиуд шинээр батлагдсан бөгөөд мөн “Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар зарлиг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 69 дүгээр тогтоол “2018 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх асуудал”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх журам” батлах тухай А/253 дугаар тушаал зэрэг шинээр гарсан хууль тогтоомжуудыг танилцууллаа.
Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Төлөөлөгчдөд танилцуулсан юм.
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт болон Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмж өглөө.