Дархан
хот байгуулагдсаны түүхт 57-н жилийн ойн өдөр энэ сарын 17-нд тохионо. Тус
өдрийг угтан 25-н ажил арга хэмжээг зохион байгуулахаар аймаг орон нутгийн
удирдлагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн
шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс
хамтран /2018.10.05/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Дархан сумын 16 дугаар баг
Үйлчилгээний төвийн урд талбайд зохион байгууллаа. Энэ үеэр шинээр батлагдсан
хууль тогтоомжуудаар зөвлөгөө мэдээлэл, нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын
үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн шинээр олгох жолооны үнэмлэхийн материалыг авч,
эрхээ хасуулсан иргэдийн эрх сэргээх, шинээр галт зэвсэг худалдан авах, бусдад
шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, хууль зүйн зөвлөгөөг үнэ
төлбөргүй өгчээ. Харин Нотариатын танхимаас төлбөрийн чадваргүй иргэдэд
нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 445
дугаар ангийн хүмүүжигч нарын гар урлалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан
байна.