Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА ХАЛААЛТАА АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

2018-10-23

Спортын сэтгүүлчид Дархан-Уул аймагт энэ сарын 20-ны өдөр ажиллалаа. Тэд дэлхийн стандартад нийцсэн, 2200 хүний суудал бүхий "Спорт цогцолбор"-ын талаар мэдээлэл авч, барилгын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм.

Тус "Спорт цогцолбор"-ын барилгын ажилд зориулан энэ оны Улсын төсөвт 4,7 тэрбум төгрөгийг тусгажээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа тухай гүйцэтгэгч тал болох “Нэмбар” ХХК-ийн инженер Е.Энхцацрал хэлж байна.
Мөн халаалтаа авахад бэлэн болсон бөгөөд барилга доторх бүтээн байгуулалтууд энэ өвөл зогсолтгүй үргэлжилнэ.

Нийт 21,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус барилгын зураг төсөл 2006 онд хийгдсэн. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцсэн интерьер, загвартайгаар байгуулахын тулд гурван блокийн зураг төслийг шинээр хийж байгаа ажээ.
2013 онд УИХ-ын 63 дугаар тогтоолоор тус цогцолборын барилгын санхүүжилт царцаагдсан байдаг. Харин 2016 оноос Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд уг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд анхаарч, хамтран ажилласны үр дүнд шаардлагатай санхүүжилтийг үе шаттайгаар Улсын төсөвт тусгуулж, царцаагдсан барилгын ажил урагшилсан талаар УИХ-ын гишүүн Болдын Жавхлан ярьсан юм.

2019 онд ашиглалтад орох энэхүү 20,000 м.кв талбай бүхий цогцолборт 2,200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн урттай усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө, бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна.

Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймаг, улсын төдийгүй олон улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм.
Энд дасгалжуулагч багш нар, эмч мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнууд зэрэг урьдчилсан байдлаар 76 орчим ажлын байр бий болох талаар холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%