Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат нар БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам болон Коайка Олон Улсын байгууллага, Копиа байгууллагын төлөөлөгчдийг /2018.10.30/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ 2014 онд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Кёнги аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд байгуулсан найрамдалт харилцааны санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлууд, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зочдод танилцуулсан юм.
Тухайлбал Кёнги аймгаас манай аймгийн Онцгой байдлын газарт 2016-2018 онуудад 120 сая төгрөгийн үнэ бүхий гал түймрийн голомтын үед ашиглах галын 2 авто машин, тус бүр нь 18-35 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн 6 авто машин, “Од” цогцолбор сургууль, “Монгол Оюу” сургуулиудад нийт 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ухаалаг анги”-ийг тус тус байгуулж 1,5 сая төгрөгийн Солонгос хэлний ном, сурах бичгээр хангаж дэмжлэг үзүүлжээ.
Найрамдалт харилцааны 5 жилийн ойг угтаж манай аймаг Кёнги үндэсний дуу, хөгжмийн чуулгыг Дархан-Уул аймагт урьж Монгол үндэсний их баяр Наадмаар буюу 7 дугаар сарын 10-ны өдөр тоглуулсан юм.
Мөн БНСУ-ын Өмнөд Кёнгсан аймгийн Чангвон хоттой 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор харилцааг тогтоож Найрамдалт харилцааны санамж бичгийг байгуулсан зэрэг хоёр улсын найрсаг харилцааг улам бүр өргөжүүлж байна.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам нар Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцлоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, түүнийг дагалдаж яваа бүрэлдэхүүн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль болон “Шинэ гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцав.