Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын бүтээмжийн төв хамтран өнөөдөр \2018.11.07\ манай аймагт Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг явуулж байна.
Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны ахлах мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг 90 орчим төрийн албан хаагч оролцож байна.
Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмж, чанарын удирдлагын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох, судалгааны мэдээлэл цуглуулахад оршиж байгаа юм. Энэ үеэр аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга С.Баяраа хэлэлцүүлэгт оролцож байгаа төлөөлөгчдөд “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгох, цахимжуулах “Смарт Дархан” системийг танилцууллаа.
Мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 нэвтрүүлсэн талаарх мэдээллийг Орхон сумын ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал өглөө.
Азийн сангийн хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ю. Оюунхишиг “Хотын Засаглалыг Сайжруулах” төслөө танилцуулах үеэрээ цаашид алба хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмж ба техникийн асуудлуудыг шийдэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс зар сурталчилгааг түгээх, төрийн байгууллага (хороо, дүүрэг, хот) хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулах, үйлчилгээ хүргэх орчинг сайжруулах, албан тушаалтнуудын идэвх, санаачлагыг нэмэгдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.