Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулах, тус хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Үүний дагуу аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо /2018.11.27/ аймгийн 2019 оны төсвийн төсөлтэй танилцаж дүгнэлт гарсан бол өнөөдөр Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр /2018.11.28/ “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц” болон “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн Үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны Үндсэн чиглэлийн тухай” асуудлыг урьдчилан хэлэлцлээ.
Дархан-Уул аймаг нь 2018 оныг “Ахмадын жил” болгон зарлаж, нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх зорилтын хүрээнд хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох гэсэн 2 зорилтыг дэвшүүлж, үүний дагуу нийт 46 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсээс үйл ажиллагааны биелэлтийг 97,3 хувьтай хэмээн дүгнэжээ.
Харин 2019 оныг “Гэр бүлийн жил” болгон зарлахаар төлөвлөж байгаа аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат мэдээлэв.
Зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн Үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны Үндсэн чиглэлтэй холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө.