Манай аймагт бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245
төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр энэ оны дөрөвдүгээр сараас
эхлэн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн. Тус ажлын энэ оны гүйцэтгэл
хоцрогдолтой, санхүүжилт саатаж байна гэсэн асуудал гарсны дагуу аймгийн
удирдлагууд төслийн багийнхан, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчидтэй /2018.11.29/
уулзалт хийлээ. 2020 оны зургаа дугаар сард
ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцрох эрсдэл үүсвэл
аймгийн хэмжээнд дахин олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах цаашлаад хотын
цэвэрлэх байгууламж, иргэдийн бухимдлыг төрүүлэх зэрэг нэлээдгүй хүндрэлүүд
гарах учраас ийнхүү өнөөдөр уулзалт хийсэн байна. Дархан хот байгуулагдахад
цэвэрлэх байгууламж нь хоногт 50 мянган кубметр бохир цэвэрлэх боломжтойгоор
байгуулагдсан. Гэвч тухайн технологи хоцрогдсон, сэлбэг хэрэгсэл нь
үйлдвэрлэгдэхээ больж эрчим хүч асар ихээр зарцуулдаг зэрэг нь өнөөгийн нөхцөлд
ашиглах боломжгүй болжээ. Иймээс бохир усны менежмент төслийг хэрэгжүүлж байгаа
аж. Энэхүү төслийн ажил дуусаж ашиглалтад орвол аймгийн цэвэрлэх байгууламж нь
хоногт 24 мянган метр куб бохир цэвэрлэж саарал ус гаргах боломжтой болох юм.
Өнөөгийн Дарханы гаргаж байгаа бохирын хэмжээ нь хоногт 6 мянган метр куб орчим
байдаг. Харин тус цэвэрлэх байгууламж нь ирээдүйд хүн ам нэмэгдэх үед ашиглах
боломжтойгоор хийгдэж байгаа нь ач холбогдолтой ажээ. Цаашлаад тус
байгууламжийг өргөтгөх ч боломжтойг төслийн багийнхан хэлж байсан юм.
Гүйцэтгэгч компанийн хувьд Азийн улс орнуудад жишиг болох цэвэрлэх
байгууламжийг байгуулахаар зорьж байгаа гэдгээ ч уулзалтын үеэр онцолж байлаа.
Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл цаашдаа хэвийн үргэлжилж
2020 онд хугацаандаа ашиглалтад орно гэдгийг талууд илэрхийлснээр энэхүү уулзалт өндөрлөсөн юм.