Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймагт “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг орон нутагтаа хэрэгжүүлэх гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 01-А/223 дугаарт Захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Уг ажлын хэсгээс Тус ажлын хэсгээс төлөвлөгөөнд тусгагдсан 27 зорилтоос 25 зорилт 133 арга хэмжээг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.11.30/ хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Тус хөтөлбөр нь бодлогод тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж төлөвлөсөн баримт бичиг юм.
Энэхүү бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх 27 зорилтыг тусгажээ.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ улсын төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх ба төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан орон нутгийн ИТХ, ЗДТГ-т болон үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, улмаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулж ажиллах юм.