Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр /2018.12.14/ “Аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулав.
Уг зөвлөгөөнд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, худалдааны төвүүд, боловсролын байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд тэдэнд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаа” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Сэргэлэнбат, “2017-2018 оны хичээлийн жилд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр Их дээд сургуулиудын консорциумын гүйцэтгэх захирал З.Нэргүй нар тус тус мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөний үеэр Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, худалдааны төвүүд, ажил олгогч томоохон аж ахуй нэгжүүд, Их дээд сургууль, коллеж, ЕБС, СӨБ зэрэг боловсролын байгууллагууд зэрэг нийт 72 байгууллагатай 2019 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.