Эхийн эндэгдлийг сэргийлэхэд, Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болов
Улсын хэмжээнд эх нярайн эндэгдэл байсаар байна. Тиймээс үүнийг бууруулах үүднээс олон талт ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр /2019.01.09/ манай аймагт болсон “Эхийн эндэгдлийг сэргийлэхэд, Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн юм. Тус зөвлөгөөнд эх барих эмэгтэйчүүдийн эмч, аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, төрийн байгууллага, их дээд сургууль, Улаан загалмайн нийгэмлэгийн нийт 100 орчим төлөөлөл оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр 50 ортой төрөх эмнэлгийн барилга, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нярайн тасгийн тоног төхөөрөмж, авто машин, эрчимт эмчилгээнд шаардлагатай хүүхдийн шарлагын аппарат, агаар шүүгч зэрэг олон хөрөнгө оруулалтыг хийжээ.