2001 оноос эхлэн Дэлхийн
Зөн Монгол ОУБ-ын Дархан нутгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, хөгжлийн
чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд
2016 онд хаалтаа хийсэн юм. Гэсэн хэдий ч хамтын ажиллагааны үр дүнд Тайваний
санхүүжилтээр “Хүүхдийн төлөөх орон нутаг” тусгай төслийг 5 жилийн хугацаанд
Дархан-Уул аймгийн алслагдсан сум, багуудад хэрэгжүүлэхээр болж /2019.01.23/ талууд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул
аймагт Хүүхэд хөгжлийн ордонг 2017 онд ашиглалтад оруулж, хүүхэд багачуудын
авьяас чадвар, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж
өдгөө 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Тус дугуйланд хамрагдсан
сурагчид энэ өдрийн арга хэмжээний үеэр өөрсдийн сурч мэдсэнээ тайлагнасан юм.
Өнгөрсөн онд энэхүү төслийн эхлэл болгож гэр оронгүй, зорилтот бүлгийн 10 өрхөд
гэр олгож 94 хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэдгийг
төслийн багийнхан хэлж байлаа. 2019 оныг Дарханчууд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих
жил” болгон зарлаж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, амар амгалан гэр бүлийн төлөө
хийх олон арга хэмжээ нь энэхүү төслийн үйл ажиллагаатай уялдаж байгаад аймаг
орон нутгийн удирдлагууд баяртай байлаа. Цаашлаад хүүхдэд ээлтэй орчинг
бүрдүүлж, ядуурлыг бууруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж төр
төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахад энэхүү төслийн
гол зорилго оршиж байна.