Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 12 дугаар Хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авч тусгах ажлыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас зохион байгуулж, иргэдийн оролцоотойгоор гэр бүл, иргэний хөгжилд чиглэсэн ямар ажлууд хийж болох тухай чиглэлийг гарсан юм.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын зарим Тэргүүлэгчдийн хамт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд хөгжлийн төв, Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь /2019.01.24/ очиж танилцан, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хийгдэж байгаа ажил болон хийгдэхээр төлөвлөсөн ажлуудтай танилцлаа.
Хүүхэд хөгжлийн ордон нь үүд хаалгаа нээгээд 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд хүүхэд багачуудад соёл урлаг, танин мэдэхүй, зохино бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, илтгэх урлаг, мэтгэлцээний сургалт явуулах бүх л боломж бүрдсэн байна.
Мөн Залуучууд хөгжлийн төвд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Мөн сэтгэл зүйч ажиллуулж, залуучуудын сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хөгжлийг дэмжсэн лекц сургалтууд үнэ төлбөргүй явуулж байгаа хэмээн тус төвийн дарга Г.Гантулга ярьж байна.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Нийслэл дэхь “Залуус хөгжлийн төв”-д залуучууд гарааны бизнесийг дэмжих “Смарт кафе” арга хэмжээг зохион байгуулах, тэдний төслийг холбогдох байгууллагуудад уламжлах, бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх чиглэлийг ажлыг түлхүү явуулах хэрэгтэй хэмээн онцолсон юм.
Аймгийн ИТХ, ЗДТГ-аас нийгмийн анхдагч нэгж болсон “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тэдний эрүүл мэнд, боловсролд, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Тухайлбал 2019 онд 29 цэцэрлэгийг шинээр байгуулах болон өргөтгөх хэлбэрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр залуу гэр бүл бага насны хүүхдээ цэцэрлэгт хамруулж, өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэх юм.
Мөн 50 ортой төрөх эмнэлгийг барьж байгуулж байгаа бөгөөд энэ нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, төрөлтийг дэмжсэн ажил юм.
Түүнчлэн Спорт цогцолбор, Хүүхэд залуучуудын паркад шинэ тоглоомуудыг нэмж байрлуулах, гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөөг байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс багуудад “Багийн хөгжлийн төв”-ийг байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.