Найрамдлаар овоглосон Дархан хотын нийт хүн амын 34,1%-ийг тэгээс 18 насны хүүхэд багачууд эзэлж байна. Эдгээр хүүхэд багачуудыг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулахад төр, олон нийтийн байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжийн үүсгэл санаачилгыг дэмжин, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохион байгуулах чиг үүрэг бүхий Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/202 тоот захирамжаар шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр /2019.02.27/ Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны анхны хурал боллоо. Хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэн бөгөөд энэ жилийнхээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хамтдаа баталлаа. Өнгөрсөн онд тус зөвлөл хүүхдийн хөгжил хамгааллын үйлст аймаг орон нутгийн хөгжлийн сан болон төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд нэг тэрбум 276,3 сая төгрөгийг зарцуулж олон ажлыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал хүчирхийллийн хохирогчдод нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Түр хамгаалах байр, Дархан сумын 5 дугаар багт хүүхэд багачуудын авьяас чадвар оюун билгийг нээн хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, төлөвшүүлэх зорилготой хүүхэд хөгжлийн ордон, хүүхдийн автобус, мини театр, их спорт эрүүл мэнд төсөл, их хүүхдийн бүлэг тохижуулах, адтай жаалууд гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгож чадсан байна. Харин энэ онд хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах төсвийн хөрөнгө зардлыг оновчтой төлөвлөж өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффициентийг тэг болгох, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хэргийг хуулийн шатанд бүрэн шийдвэрлэж, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг эрчимжүүлж хүүхдийн эмчийг чадавхжуулах, нэмэх, хүүхдүүдийн дуу хоолойг сонсож ажил хэрэгтээ тусгах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.