Дархан-Уул аймагт "Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” сэдэвт тайлан болон “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ аргачлал”-ыг танилцуулах үндэсний семинарыг зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хороо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран боловсруулсан тус тайлангийн орон нутгийн оролцогч талуудад танилцуулах тархаалтын ээлжит семинарыг 2019 оны 3 сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Семинарын гол зорилго нь үндэсний оролцогч талууд, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл гаргагч, хэрэглэгчид, бодлого боловсруулагчид, судлаач, эрдэмтэн, оюутан сурагчдад дээрх тайлан болон хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалыг танилцуулах юм.
Семинарт ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж , ХАНСГ-ын дарга А.Амарбал болон Ажиллах хүчний судалгааны албан хаагчид , Дархан-Уул Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Иргэдийн хурлын Иргэний танхимын дарга Р.Гантулга, Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, АОЭХ болон бусад алба хэлтсийн төлөөллүүд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Нээлтийн үеэр ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж “...Цаг үеийн таатай мэдээллийг та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Өнөөдрийн энэ цаг үед дэлхийн 178 улс орны Статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн тайлангийн үр дүнг Open Data Watch байгууллага зарлаад байна. Тус тайлангийн үр дүнгээр манай Монгол Улс статистикийн мэдээллийг нийтэд нээлттэй хүргэж, хангаж буй чадавхаараа Дэлхийд 11-р байранд, Ази Номхон далайн бүсэд 1-р байранд оржээ. Бид амжилтаа урагшлуулж дэлхийд 11-р байранд орсон нь та бидний хамтын ажиллагааны томоохон үр дүн юм гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрээр цааш хэлэхдээ “...Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй 2017-2019 оны хоёрдугаар сар хүртэл загвар тайланг боловсруулан хамтран ажилласан. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгаа” гэв.
Мөн орон нутгийн хөдөлмөрийн статистик мэдээлэл гаргагч, хэрэглэгч, бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаачдад 2019 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа “Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал”-ыг танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн талаарх ойлголт тодорхойлолтын шинэчлэгдсэн мэдээллийг авч, цаашдын үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бий болгох ач холбогдолтой юм.