Халх голын байлдааны ялалтын 80-н жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яам, Монгол-Орос хувь нийлсэн нийгэмлэг “УБТЗ”-тай хамтран Халх голын байлдаанд оролцсон цэргийн нэгтгэл, ангиудын “Дайчин туг” аяллыг 2019 оны 04 дүгээр сарын 07-21 өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгуудаар аялуулж байгаа ажээ. Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооны дарга бэлтгэл хошууч генерал Д.Бадам даргаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт энэ сарын 09-нд хүрэлцэн ирсэн байна. Тус ажлын хүрээнд Залуучууд театрын дугуй зааланд 450 гаруй чөлөөнд гарсан бэлтгэл, офицер, ахмад настан, оюутан цэргүүдтэй уулзалт хийж “Халх голын байлдааны түүхэн сургамж” лекцийг уншжээ. Халх голын дайн бол хамгийн бага талбайд хамгийн их зэвсэг техникийн хүчээр тулалдсан дайн болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.Т.Сүхбаатар хошуучийн мэдээлэлд тус дайны хор уршгаар Зөвлөлтийн 9200, Монголын 990, Японы 18000 хүн амь үрэгдсэн гэсэн судалгааны мэдээлэл байгааг танилцуулсан. Та бид эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж амь насаа өргөсөн баатарлаг дайчдаа мартах учиргүй.