Дархан-Уул аймагт ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулж аймгийн Оюутны холбооноос эрхлэн “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор цуглаан зохион байгуулав.
Цуглаанд тус аймаг дахь 10 их дээд
сургуулийн оюутнууд оролцож шинэ Дарханы төв гудамжаар сургуулийнхаа
тугийг барин жагсаалаар явж уриа лоозонгоо нэгэн дуугаар хэлж
Дарханчуудыг нэгдэхийг уриалан дуудлаа. Дараа нь аймгийн Оюутны холбоо,
Улаан загалмайн нийгэмлэг, бусад төрийн бус байгууллагууд оролцсон
нэгдсэн цуглаан эхлэж
ХДХВ/ ДОХ-ын тархалтыг бууруулж таслан
зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл
хийв. Уг мэдээлэлд манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийн 177
тохиолдол бүртгэгдсэний 27 нь энэ онд шинээр бүртгэгдсэн. Нийт
өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байснаас халдвар тээгч хоёр
эрэгтэй нас барсан гэлээ. Түүнчлэн халдварт өртөх аливаа эрсдлээс
өөрийгөө хамгаалж сайн дураар ХДХВ илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөнд
хамрагдаж байх зөвлөмж гаргаж тараалаа.