Дархан сумын 7,8 дугаар багт буюу Дархан зах, Буян захын урд замаар авто машины хөдөлгөөний эрчим, явган зорчигчийн урсгал их байдаг. Үүнээс үүдэн зам тээврийн осол гарах улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлт нөхцөл үүссэн гэхэд болно. Тиймээс “Биржийн дэргэдэх авто зам доогуур нүхэн гарц” барих барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 8-наас “Зууны гүүр далай” ХХК эхлүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийгдэж эхэлсэн энэхүү ажил анх бетон бүтээцийг бэлэн материалаар хийх байсан. Гэвч нүхэн гарцын барилга угсралтын явцад зарим хийцлэлийг газар дээр нь бетон цутгалтаар хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

Энэ нь ажлын явцыг удаашруулах гол шалтгаан болсон байна.

Иймд холбогдох удирдлагууд нүхэн гарцын ажилтай газар дээр нь өнөөдөр /2019.09.23/ танилцаж авто замын зорчих хэсгийн барилга байгууламжийн ажлыг чанарын болон технологийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанид өгч 25 хоногийн дараа авто замын зорчих хэсгийг эхний ээлжид нээх шийдвэрийг гаргасан байна.

Мөн авто зам хаагдсантай холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын чиглэлийг шинэчлэн тогтоохоор боллоо.