Монгол улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн албан тоотын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын 01-А/290 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байх голын ай сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжаар тоноглогдоогүй, цэвэрлэх байгууламжид холбогдоогүй үйлдвэрийн газар, аж ахуй нэгж, иргэд бохир усыг голын ус руу шууд нийлүүлж байгаа эсэх, голын усанд шууд бохироо нийлүүлж байгаа цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн газрууд нь гол ус бохирдуулж байгаа эсэхэд үзлэг шалгалт хийсэн байна.
Шалгалтад томоохон гол, мөрөн урсдаг Дархан-Уул аймгийн Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын нутаг дэвсгэрт байх цэвэрлэх байгууламж, гол усны ай сав газарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулж 15 дээж авч Ерөнхий газрын Улаанбаатар хотод байх харьяа лабораторид хүргүүлжээ.
Харин төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр болох “Ган Хүдэр орд” ХХК, “Хайрхан тоб” ТББ-ууд нь зохих зөвшөөрөлгүйгээр гүний худаг гарган ус ашиглах эрхийн бичиг, дүгнэлт, гэрээгүйгээр ус ашиглаж байсан нь усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг зөрчсөн учраас хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ажээ.
Дархан нэхий” ХХК химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг зөрчин үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж буй химийн бодисын хадгалалтын шаардлага хангаагүй байсан зөрчил илэрч хуулийн дагуу зөрлийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна.
Иргэн, аж ахуй нэгж байгууллага хаягдал бохир усаа цэвэршүүлэхгүйгээр нийлүүлж байгаа зөрчил илрээгүй байна.