Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль
нь 1983 онд баригдсан. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт
заал, сургуулийн дээвэрт хэсэгчилсэн засварыг хийжээ. Сумын нийт
өрхийн 35.6% нь төвөөсөө 2000 метрийн зайтай гэр хороололд амьдардаг
бөгөөд тэдгээрийн үр хүүхэд тус сургуульд сурдаг байна. 35 жил
ашиглагдаж байгаа тус сургуулийн цахилгаан, хэсэгчилсэн халаалт, цонхыг
вакум болгох зайлшгүй шаардлагатай болжээ. Тиймээс Японы Засгийн газар
болон Элчин сайдад сумын захиргаа, сургуулийн хамт олон төсөл бичиж
илгээсэн нь ийнхүү өнөөдөр биеллээ олж байна. Дархан-Уул аймгийн Шарын
гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 6
дугаар сургууль аймгийн төвөөс 60 км, сумын төвөөс 2 километр зайд
байрладаг байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр сурагчдын сурах идэвх
оролцоо дээшилж, хамран сургах тойргийн эцэг эхчүүд хүүхдээ эрүүл
аюулгүй орчинд сургах хүсэл сонирхол нэмэгдэж, сургалтын чанарт ахиц
гарчээ. Цаашид тус сумын 17 дугаар цэцэрлэгт тулгамдаж байгаа асуудалд
хөрөнгө оруулалт хийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг Япон улсаас
Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаокад
цэцэрлэгийн удирдлагууд тавьсан юм. Энэхүү хүсэлтийг Монгол улсад суугаа
онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүлээн авч цаашид хэрэгжүүлэхэд
анхаарлаа хандуулахаа илэрхийлжээ. Ингэснээр 8000 гаруй хүн амтай Шарын
гол сумын сургуулийн цэцэрлэгийн тохижилт үйлчилгээ бүрэн хангагдаж
хүүхэд багачууд ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.