Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“СҮРГИЙН МАНЛАЙ” ХЭМЭЭХ Ш.СҮРЭНХОР ЗОХИОЛЧ

2019-12-11

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН САЛБАРЫН 55 ЖИЛИЙН ОЙД

МЗЭ-ийн шагналт, Дархан хотын нэрэмжит шагналт зохиолч Ш.Сүрэнхортой ярилцлаа. Тэрбээр Дархан хотдоо байнга оршин сууж зохиол бүтээлээ туурвиж зохиолч нөхдийнхээ дунд “Сүргийн манлай” нэрээр авгайлагдсан энэ хүн Дархан хотын “Утга зохиолын салбар”-ын ууган гишүүдийн нэг юм.

-Та анх утга зохиолд хөл тавьж Дархан хотын “Утга зохиолын дугуйлан”-гийн гишүүн болж байсан дурсамжаасаа хуваалцана уу?

Анх Дархан хотын зохиолчид шинэ, хуучин хоёр Дархандаа тус тусдаа цугларч шүлэг зохиолоо уншдаг байж л дээ. Тэгээд 1964 онд Дархан хотын “Залуу зохиолчдын дугуйлан” анх байгуулагдаж эрхлэгчээр нь “Найрамдлын Дархан” сонины эрхлэгч Дуг.Дорж томилогдож тамга тэмдэгтэй болж байсан гэдэг. Миний хувьд гэвэл 1967 онд Шарын голд байдаг Трактор комбайны сургуульд багшилж байхдаа нэг удаа Дарханд хүрээд ирсэн чинь Политехникумын үүдэнд “Залуу зохиолчдын дугуйлан” хичээллэнэ гэдэг зарлал байсныг үзээд очсон чинь нэлээд хэдэн хүн байсны дотор төрийн шагналт Ч.Лхамсүрэн гуай байсныг таньсан юм. Дотор ороод суусан чинь Лхамсүрэн гуай миний хажууд суулаа. Ширээний ард хоёр хүн суусан нь “Үнэн” сонины сурвалжлагч И.Гүрринчин, нөгөө нь “Хөдөлмөр” сонины сурвалжлагч Б.Сосорбарам нар байсан юм билээ. Хүмүүс шүлгээ уншиж байх завсар Лхамсүрэн гуай надаас чамд унших шүлэг байна уу гэхээр нь би “Энэ хоёр болох болов уу?” гээд шүлгээ үзүүллээ, уншиж үзсэнээ “Үүнийг унш зүгээр юм байна” гэсний дагуу нэгийг нь уншиж билээ. Ингэж л утга зохиолд анх орж ирэхдээ тэр агуу хүнтэй хамт сууж эхэлсэнийгээ азтай гэж бодож бэлгэшээж явдаг юм.

-Тэр үед танай дугуйлан хэчнээн хүнтэй байсан бэ? Яаж хичээллэдэг байв. Хэн хэн гэдэг зохиолчид байсан бэ?

-Дарханаас гадна Шарын голд Усны аж ахуйн техникумын Балдандорж багштай салбар, Хөтөл бас нэг салбар байсан. Тэр үед манай салбарт И.Гүрринчин, Б.Сосорбарам, Л.Нацагдорж, П.Авирмид, Д.Батдагва, Сэр-Од, Цэндээхүү, Содномдорж, Сэдбазар, Доржпалам нарын хорь гаруй хүнтэй хичээллэдэг байлаа. Хичээл гэдгийн учир нь хүн болгон шүлгээ уншина, тухайн шүлгийн тухай хэн хэн, юу хэлэв гэдгийг тэмдэглэл хөтөлндөг байсан нь он, сар, өдөртэйгээ одоо ч хадгалагдаж үлдсэн байгаа. Тэр үед Ч.Лхамсүрэн гуай Хонгор суманд, Санжийн Пүрэв Шарын голд, Дуг.Дорж Жавган, Ишцогт, Нямгаваа нарын олон алдартнууд манай нэгдэлд байж билээ. Дараа нь би дугуйлангийн нарийн бичиг байсан учраас бүр тэмдэглэлийг хөтөлдөг байсан учраас он дарааллаараа бичигдэж үлдсэн байдаг. Манай нэг найрагч “Ха ха хар тэрэг гудамжаар давхина” гээд шүлэг бичиж дугуйлангаар хэлэлцээд галивлетээр батлуулах гэсэн чинь “Энэ хэний тэргийг хэлсэн юм бэ?” гээд бөөн юм болж байж билээ. Тэр үед хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захиргааны дарга хоёр л хар тэрэг унадаг байсан цаг.

-Та зохиолч болох замаа утга зохиолын ямар төрлөөр бичиж эхэлсэн бэ? Анханы зохиол чинь ямар нэртэй байв, яаж олон нийтэд хүргэсэн бэ?

-Би чинь 1972 онд “Цог” сэтгүүлийн “Оч” булангийн анханы дугаарт миний “Салхин хээр” гэдэг найраглал гарсан. Анханы ном гэвэл дээрх найраглалаараа нэрлэсэн яруу найргийн түүврээ 1978 онд, дараа нь “Бодлын хур” түүврээ хэвлүүлсэн. Тэр үед би шүлэг гэхээсээ илүү найраглал түлхүү бичиж Зохиолчдын хорооны “Яргуй” болон “Үнэн”, “Хөдөлмөр” сонин, “Залуу үе” сэтгүүлд хэд хэдэн найраглалаа хэвлүүлсэн дээ. Миний яруу найргийн багш нарын нэг Д.Тарваа багш надад нэг удаа “Найраглалууд чинь өгүүлэмж сайтай юм байна чи үргэлжилсэн үгийн зохиол өгүүллэг, тууж бичиж үзээч” гэж билээ. Бас П.Лувсанцэрэн гуай нэг удаа Дарханд ирээд манай гэрт ярьж сууж байгаад “Би “Яргуй” сэтгүүлийн эрхлэн гаргаж байгаа, чиний “Бэлчээр дагасан зам” зэрэг хоёр ч найраглалыг чинь гаргалаа. Чи ер нь өгүүллэг, тууж бичээд үзээч, говьд Догмид гэж нэг залуу аятайхан өгүүллэгүүд бичээд байна. Оролдоод үзвэл чи амжилтад хүрнэ шүү” гэж билээ. Тэгээд би хэд хэдэн өгүүллэг бичиж “Нулимстай чулуу” гэдэг түүврээ гаргалаа. Дараа нь тууж бичиж үзмээр санагдаад анханы туужаа бичсэнээс хойш 18 туужаа хэвлүүллээ. Өнгөрсөн хугацаанд яруу найраг, өгүүллэг, тууж, хүүхдийн зохиол, хошин шог зохиолын түүврүүд, гурван роман зэрэг нийтдээ 37 ном хэвлүүлсэн байнлээ. Мөн аймаг, орон нутгуудад зургаан жүжиг тоглогдсон бол баримтат кино нэг, уран сайхны кино зохиол хоёр гээд утга зохиолын бүх төрөл жанраар бичиж ирсэн бол одоо ч бас бичсээр л байгаа.

-Тэр үед зохиол бүтээлээ яаж олон түмэнд хүргэдэг байсан бэ? Сонин сэтгүүл цөөн байсан болохоор тэр болгон шинэ шүлэг зохиолоо уншигчдад хүргэж чадаж быайсан уу?

-Дарханы Зохиолчдын бүтээлийг жил бүр эмхэтгэж гаргадаг байсан “Шинэ оддын туяа” гэдэг эмхэтгэл 1970-аад оны сүүлээс жилбүр гарч эхлээд нийт 17-н дугаар гарч дараа нь “Алтан-Өд” цувралууд залган гарч эхэлсэн. “Шинэ оддын туяа” эмхэтгэл гарч байх үед нэг жил Ю.Цэдэнбал даргын насны ой тохиож аймаг бүр нэг нэг содон бэлэг дурсгах болж л дээ. Эрдэнэт хотынхон шилэн хоргонд зэсийн баяжмалаа, говийнхан үлэг гүрвэлийн дүрстэй дурсгал өгөх болж, харин манай Дарханыхан яах вэ гэдэг асуудал тулгарч л дээ. Тэгээд хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Гомбосүрэн гуай товчооныхоо хурал дээр манай Дарханыхан оюунлаг учраас оюуны бүтээлээсээ өгөе. Дарханы зохиолчдын маань гаргадаг “Шинэ оддын туяа” номынхоо дугааруудаас бэлэглэе гээд нийт есөн дугаарыг хавтасыг нь өнгөт болгоод гардуулж байсан түүхтэй.

-Та түрүүн Ч.Лхамсүрэн гуатай утга зохиолд хөл тавихдаа танилцсан гэлээ. Зарим нэг дурсамжаасаа хуваалцана биз дээ?

-Ч.Лхамсүрэн гуай манай аймгийн Хонгор суманд амьдардаг байсан үе, охин нь сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтээр ажиллаж байлаа. Нэг ням гарагийн өглөө эрт манай гэрийн хаалгыг нэг хүн тогшлоо. Ийм эрт ямар хүн ирдэг билээ гээд онгойлгосон чинь Лхамсүрэн гуай байна. Сэлэнгэ орчихоод буцаж явна гэнэ. Цай унд уучихаад хоол хийх гэтэл “Ууж идэх хоол яах вэ? улайсгах галт ундаа байгаа юу?” гэж байна. Тэр өдөр ням гараг учраас Дарханд архи зардаггүй үе, одоо яадаг билээ гэж санаа зовж эхэлтэл тэр өдөр хүүхдийн үсний найрт уригдсанаа гэнэт санаж “Та надад хань болж нэг айлд очих уу? өнөөдөр амралтын өдөр сайн танилын маань хүүхдийн үсний найр болно одоо ингээд очиход яг таарна” гэсэнд “Намайг уриагүй болохоор би очих нь зөв үү?” гэж байна. Бололгүй яахав харин ч баярлах байх гэснээр бид тэр айлд очлоо. Тэгсэн чинь Лхамсүрэн гуайг “Маамуу нааш ир”-ийн Лхамсүрэн гуай ирлээ ямар сайхан бэлэг дэмбэрэлтэй юм бэ гээд хойморт суулгаад хүндэлж байна гэж жигтэйхэн. Ингээд бид хоёр дундаасаа 10 төгрөг гаргаж хүүхдийн даахийг нь үргээлцэж тэр өдөр зардаггүй галт ундаагаа хангалттай хүртэж билээ.

-Л.Түдэв гуайтай их дотно байсан гэсэн. Тэр хүнтэй яаж танилцав. Сонин содон дурсамж олон байгаа даа?

-Шүлэг яруу найргаар илэрхийлж гаргах боломжгүй юмын өгүүллэг, тууж, романаар гаргах боломжтой байдаг. Миний анханы туужийг Л.Түдэв гуай эх барьж авсан л даа. Энэ хүнтэй уулзсан анханы уулзалт их сонин. Би нэг удаа Зохиолчдын хорооны орлогч Л.Түдэв гуайн өрөөнд орлоо. Тэгээд юм бичээд сууж байснаа “Чи Дарханы Сүрэнхор уу? гэснээ чиний хэвлэлд гарсан шүлэг, найраглалуудыг чинь уншсаан. Дарханд хэсэг залхуу залуучууд байдаг гэсэн чи тэдний нэг үү? гэж байна. Тийм л гэлээ, аль нэгэн гадаад хэл мэдэх үү гэлээ, мэдэхгүй л гэлээ, тэгнэ л дээ, гэж байна, Уйгаржин монгол бичгээ мэдэх үү гэлээ, мэдэхгүй л гэлээ, тэгнэ л дээ л байна. Тэгээд надад эх орныхоо алдартууд болон дэлхийн сонгодогуудаас илүү гарна л гэж бичих хэрэгтэй, утга зохиолын бүх төрлөөр бичих ёстой гэж билээ. Түүнээс хойш Зөвлөлтөд Фрунз хотод олон улсын зохиолчдын уулзалтад Дарханаас төлөөлөгчөөр очиход тэнд таарч Киргизийн зохиолчидтой уулзалт хийхэд Түдэв гуай үг хэлж “Нарлаг Киргизийн нар нь халуун байлаа, Наргиж цэнгэж суухад найртай цэнхэр нь халуун байлаа, Найрамдал нөхөрлөлийн уулзалт энэ бүхнээс халуун байлаа” гэсэн сайхан үгүүдийг хэлж байж билээ. Түүнээс хойш сайхан танилцаж миний “Хязгааргүй орчлон” туужид өмнөтгөл бичиж “Салхин хээр” морьтой энэ хүн, “Хязгааргүй орчлон”-г туулахаар тэлгүүлж явна, урдуур нь ороход хэцүүг мэдрээд, өмнөтгөл бичиж өмнө нь орсон минь энэ билээ” гэсэн сайхан үг бичиж урам хайрласан даа. Намайг уран зохиолд хөл тавихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн зохиолчид бол Д.Тарваа, Л.Түдэв, П.Бадарч нар юм. Би тэдний хэнээр нь ч хичээл заалгаагүй мөртөө урам бүтээлийг уншиж үлгэр дууриалал авч явсан учраас багшаа гэж хүндэлж явдаг даа. Ийм сайхан хүмүүстэй нөхөрлөж Монголын Зохиолчдын Эвлэлийн 215 тоот батлах гардан авч өдий хүртэл Монголын утга зохиолд хувь нэмэр оруулж яваадаа баяртай байдаг даа.

Ярилцсан Б.Норовсамбуу

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%