Дархан хотын гал голомт болсон Дарханы Дулааны Цахилгаан станцТӨХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа:
-Манай станц 2019-2020 оны өвлийн их ачааллыг өнтэй давахын тулд бид 2019 оныхоо бизнес төлөвлөгөөндөө тусгасан засварын ажлуудаа үндсэндээ зуун хувь хийгээд байна. Үүний дотор үндсэн болон туслах тоноглолуудын засварын ажлыг одоогийн байдлаар бүрэн хийгдэж дууссан. Мөн өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гэж гардаг үүнийг ч бид бүрэн хийсэн. Үндсэн тоноглолын хувьд есөн зуух, таван машин өвлийн их ачаалалд бүрэн оролцохоос гадна темпертуртай уялдуулж одоогийн байдлаар станц зургаан зуух, дөрвөн машинтай, 63 мегаваттын цахилгаан ачаалалтайгаар ажиллаж байна. Яг 2019 он манай станцын хувьд их сайхан жил байлаа. Манайх 35 мегаваттын шинэ трубинаа энэ оны есдүгээр сараас ашиглалтад оруулаад ажиллаж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа одоогийн байдлаар жигдэрсэн хэвийн үргэлжилж байна даа.
-Шинэ трубин генератор ашиглалтад орсноор чухам ямар ач холбогдолтой болов. Мэдээж дулааны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байх. Ингэснээр үйлдвэрт ашиг орлого нэмэгдэх үү?
-Шинэ трубин ашиглатад орсноор манай станцын борлуулалтын орлого нэмэгдэж байгаа бол мөн үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдэж байгаа. Жилд үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүч маань зуун саяар нэмэгдэж байна. Өмнө нь жилд 281 сая килвоватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байсан бол ирэх жилээс бид 381 сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болно. Ингэснээр үүнийгээ дагаад манай станцын борлуулалтын орлого нэмэгдэж байгаа. Мөн Монгол Улсын Эрчим хүчний системд ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээг зуун сая киловатт цахилгаан эрчим хүчээр бууруулна гэсэн үг. Цаашдаа ингэж тогтовортой ажиллана гэж үзэж байгаа. Бид шинэ трубиныхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж үндсэн болон туслах тоноглолынхоо засварыг сайн хийх ёстой. Эдгээрт гол анхаарлаа хандуулж бас ирэх жил хоёр зуух засахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн хөргөлтийн системээ сайжруулахаар төлөвлөж байгаа.
-Танай станц өдийд өвлийн их ачааллын үе гээд нүүрсээ их хэмжээгээр нөөцөлж авдаг. Яг одоогийн байдлаар хэчнээн хоногийн нүүрсний нөөцтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай станц талбайдаа 20-30 мянган тоннын нүүрсний нөөцтай байна. Манай чинь Шарын гол болон Багануурын нүүрсний уурхайгаас нүүрсээ авдаг. Энэ хоёр уурхай ямар ч байсан өнөөдрийн байдлаар гэрээт нүүрсээ бүрэн хэмжээгээр өгч байгаа. Ер нь манай эрчим хүчний системд бол өвлийн ачааллын үед дор хаяж хорь хоногийн нүүрсний нөөцтэй нөөцтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бид өвөлдөө таван зуух тасралтгүй ажилладаг байсан бол энэ жилээс шинэ машин ашиглалтад орсноор зургаа болсон. Хоногт 1500 тонн нүүрс түлдэг гэж үзвэл 30 мяншган тонн гэдэг маань 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа гэсэн үг л дээ.
-Нэгэнт л эрчим хүчний гол байгууллагаар орж ярилцлага авч байгаагийн хувьд асуухад бусад аймаг хотууд эрчим хүчний эх үүсвэрийн хувьд хоёр байдаг бол Дарханы хувьд ганц эх үүсвэртэй гэж ярьдаг. Энэ хоёр дахь эх үүсвэртэй болох талаар яригдаж хөөрөгдөж байгаа юм бий юу?
-Яг өнөөдрийн байдлаар бол хоёр дахь эх үүсвэрийн тухай юм яригдахгүй байгаа. Дархан хотыг зуу гаруй мянган хүн амтай гэж үзвэл Дархан хотын дулааны эрчим хүчийг ганцаараа манайх хангадаг. Шинэ трубин ашиглалтад орсноор манай найдвартай ажиллагаа дээшилж байгаа. Ерөнхийдээ Дархан хотын хүн ам өсөх, байшин барилга нэмж барих зэргээр цаашдаа 10-15 жилдээ манай станц бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа. Харин энэ хооронд шинээр эх үүсвэр барих уу? Дарханыхаа станцыг өөр шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөх үү? гэдэг асуудал цаашид яригдах байх. Бид Дархан хотод ганц эх үүсвэр байгаа гэдэгтэйгээ уялдаад тоног төхөөрөмжийнхээ засварын ажлыг чанартай хийж урсгал засварын ажлыг жил дараалан хийж байх ёстой. Жил бүр хийдэг урсгал засвараа чанартай хийх ёстой л гэж бид үзэж байгаа.
-Нэгэнт станц ажиллаж их хэмжээний нүүрс түлж байгаа нөхцөлд утааны асуудал бас яригдах ёстой. Үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. Ялангуяа урдаасаа салхитай үед танай станцын утаа хойшоогоо хот руугаа ордог гэж ярьдаг. Утааны хор хөнөөлийг багасгах талаар хийж байгаа шинэлэг юм байна уу?
-Ер нь манай станцын үнс баригч бол нойтноор үнс баригч анханы төхөөрөмжтэй. Энэ маань 95-98 хувийн ашигт ажиллагааны коэфцианттай. Бид яг энэ төвшнөөсөө доош оруулахгүйгээр утаагаа, үнсээ тоостой гаргахгүй байхын тулд засварынхаа ажлыг чанартай сайн хийх ёстой. Бид жил бүр хоёр зуухны үнс баригчийн засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Мөн үнсэн сангаа бас төлөвлөж шинээр үнсээ хаядаг газраа байгаь орчинд ээлтэй байдлаар ашиглаж байх ёстой. Тиймээс бид утааны хийтэй хаягдаж байгаа азот болон бусад бүтээгдэхүүнүүдээ бас цаг тухайд нь байнга хэмжилт хийж байна. Түүнчлэн бид бас хөндлөнгийн байгууллага болох цаг уур, орчний шинжилгээний төв, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад шинжилгээ өгч тэдгээр байгууллагуудаар дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа. Ер нь Монгол Улсын эрчим хүчний томоохон станцууд үнс баригчийг цаашдаа том хэмжээгээр шинэчлэнэ гэвэл бас ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдсан ажил болох байх. Тиймээс бид өнөөдөр байгаа төвшинд нь ямар ч байсан бариулж ажиллаж байн. Ямар ч үйлдвэр байгаль орчинд ээлтэй байхыг зорьж ажилладаг шиг манай станц ч гэсэн байгаль орчинд ээлтэй үйлдвэр болохын төлөө ажиллана.
Ярилцсан Б.Норовсамбуу