Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАВЬЯАТ СЭТГҮҮЛЧДИЙН ЧУУЛГАН ДАРХАН ХОТОД БОЛОВ

2014-12-09

     Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлчдийн хүндэтгэлийн  чуулган  Найрамдлын Дархан хотод анх удаа зохион байгуулагдлаа. Нийслэл хотоос “Рэйлбус” хурдан галт тэргээр тухлан Дархан хотод морилсон эрхэм зочидыг Дархан хотын “Залуучууд“театрын их танхимд цугларсан уншигч үзэгч сонсогчид нь баяр хөөртөй угтан авцгаалаа.
     Хүндэтгэлийн  чуулганыг  Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нар үг хэлж нээлээ.
    Ахмад сэтгүүлч Х.Цэвлээ, Т.Баасансүрэн, Д.Амбасэлмаа, С.Пүрэв, М.Шийрэв, Л.Гүнсэн нараар түүчээлэн эхэлсэн зочдын сэтгэгдэл “Бурхантын хөндийд бурхад нь ирлээ”, “Найрамдлын залуу хотын ахан дүүс”,”Шинэ хотын гэрэл” нэрээр түүхэнд орсон нийтлэл сурвалжлагуудаа  тэртээ тавин жилийн өмнө хэрхэн туурвисан тухай дурсамжаар хөвөрлөө.
     Зочдын дараагийн  ээлж болох сэтгүүлч  Г.Золжаргал, Г.Чулуунбат, Ш.Ёолк, Д.Шагдарсүрэн, Н.Даариймаа нарын үеийнхэн өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ үзэгчдэд толилууллаа.
    Уншигч үзэгчид нь Дархан хотын сэдвээр цаашдаа хийх  нийтлэл нэвтрүүлгүүдийнх нь талаар уригдаж ирсэн зочдоосоо асууж танилцав. Сэтгүүлч болохоор энэ мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутнууд, өсвөрийн  сэтгүүлч клубийн  хүүхдүүдээс, орчин үеийн сэтгүүлчдийн эн түрүүнд баримтлах  зарчим, хүүхэд залуусын оюуныг соён гэгээрүүлэх, Монгол хэл, уран зохиолын  сургалтын  чанарыг  дээшлүүлэх зэрэг  олон тулгамдсан  асуудлаар хүндэт зочдоосоо зөвлөгөө авч,  санал бодлыг  сонсоцгоов.    
     Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган үзэгтэн”, “Хэвлэл Мэдээллийн Тэргүүний Ажилтан” шагналаар Дарханы шилдэг сэтгүүлчдийг шагнасныг  эрхэм зочид нь мөн гардууллаа.   
       “Залуучууд” театрын уран бүтээлчид  бүжиг, дуу хуурын ая эгшигээ чуулганы төлөөлөгчдөд өргөн барив. “Гавъяат Сэтгүүлчдийн Чуулган”-ы  хойморт  заларсан хүндэт  зочид алтан үеийн сэтгүүлчид, өөрсдийн туурвисан нийтлэл нэвтрүүлгийн ном бүтээлийн дээжээ залуу сэтгүүлчид, уншигчдад гардуулав.
       Алдар  цуутай сэтгүүлчид, хүндтэй багш нараасаа үлгэр дууриал авч,  цаг ямагт суралцахын зэрэгцээ гарын үсэгтэй номыг өөрсдөөс  нь гардаж авна гэдэг нь, залуу сэтгүүлчдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй ховор бэлэг боллоо. Чуулга уулзалтыг эрхэм  зочдынхаа хамтаар үзэгчид  уншигчид нь Дархан хотын сүлд  дуу “Хамгийн сайхан хот”-ыг хүндэтгэн  дуулж өндөрлүүллээ.     
       “Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлчдийн хүндэтгэлийн чуулган”-ыг  Дархан хотод зохион байгуулах санаачилгыг Монголын Сэтгүүлчдийн “Дархан” салбарын тэргүүн , залуу сэтгүүлч М.Гантулга анх гаргаж, сэтгүүлчидтэйгээ хамтран зохион байгуулав.  Чуулганыг  Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Хаянхярваа дэмжин тусалж, аймгийн Иргэдийн Хурлын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нар арга хэмжээнд нь биечлэн оролцлоо.  
     Хүндэт зочид маань Дархан хотын үзэг нэгт нөхөдтөйгөө хамт шинэ оноо угтах “Сэтгүүлчдийн шинэ жилийн цэнгүүн”-д оролцсоноор “Гавъяат Сэтгүүлчдийн Чуулган”-ы хөтөлбөр үргэлжилж,  уран бүтээл, нийтлэл нэвтрүүлгийн тухай халуун дотно яриа өрнөлөө.
      Хагас  зуу гаруй жилийн түүхтэй Монголын хоёр дахь хотын уншигчдын гар дээр анх тавигдсан  “Найрамдлын Дархан” сонин өнөөдөр ч үргэлжлэн гарч, “Бурхантын цууриа”  радио, “Дархан Телевиз”-ийн нэвтрүүлгүүдийг залуу сэтгүүлчид үргэлжлүүлэн авч явна. Тэд И.Гүрринчен, П.Авирмэд, Н.Иштавхай, З.Пүрэв, Б.Бямбасүрэн, П.Гэндэнжав нарын ахмад сэтгүүлчдийнхээ уламжлалаар бахархдаг. Монголын орон нутгийн анхны чөлөөт телевизийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, найрамдлын хотын үзэг нэгтнүүдийн эгнээнээс Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн хэмээх хүндтэй  алдрыг анхлан хүртсэн.Өнөөдөр Дарханд “Ди Би Эс”,”Лха”, “NBS”, “Аа Жи Би” телевиз, “Найрамдлын Дархан”, Шинэ Мэдээ”, “Дархан таймс” сонин, “”Дархан долгион”, “Лха Тэнгэр”, “Орхон”, “Бизнесийн радио”, 3 цахим сэтгүүл үйл ажиллагаа явуулж байна.
       Дархан хотод хоёр өдөр зохион байгуулагдсан Соёлын Гавъяат Зүтгэлтэн сэтгүүлчдийн чуулган нь анх удаа болж байгаа онцлогоороо Монголын сэтгүүлчдийн он дарааллын хуудсанд нэгэн шинэ хуудас нэмлээ. Ахмад сэтгүүлч Х.Цэвлээ нөхдөө төлөөлөн “- Дарханчууд ямагт шинийг санаачилж аливаад анхдагч гэдэг уламжлалаа үргэлжлүүлж, энэ уулзалтыг санаачлан эхлүүлж чадлаа. Бурхантын хөндий рүү зорьж ирсэн бидний энэ удаагийн аялал цаашдаа Монголоо тойрох, бүр дэлхийг сүлжэх урт аяны гарааг нээлээ. Найрамдлын хотын цэнгэг агаар, Хараа голын тунгалаг ус бидний эрч хүчийг улам  нэмэж  өгсөнд Дарханчууд даа баярлалаа. Биднийг халуун дотно хүлээж авч энэ том ажлын ачааллыг үүрэн ард нь гарсан Дарханы залуу сэтгүүлчиддээ, төрөлхи хотынхоо  түүхийг бичиглэн мөнхлөх үйлсдээ ямагт үнэнийг эрхэмлэн манлайлахыг хүсье!” хэмээн ерөөснөөр зочид,  хурдан галт тэргэндээ сууж нийслэл хот руугаа хөдөллөө.

Сурвалжилсан:
Сэтгүүлч  Ө.Рагчаасүрэн - Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%