Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТТАЙ ДАРХАН СУМЫН МАЛЧИН БАГИЙН ИРГЭД УУЛЗАЛТ ХИЙВ

2021-05-20

Дархан сумын Малчин багийн мал бүхий иргэдийн төлөөллүүд /2021.05.18/ аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай уулзах үеэрээ Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй  "Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл"-д хамрагдахад хүндрэлтэй асуудлууд тулгарч, уг зээл зохих эзэддээ хүрэхгүй байгаа хэмээн ярилаа.

Дээрхи зээлд мал бүхий иргэд хамрагдаж, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч арилжааны банкны зүгээс малыг эргэлдэх хөрөнгө гэж үзэхгүй, зээлийн хэмжээг журамд зааснаас бага дүнгээр олгох зэрэг зэрэг хүндрэл гарч байгааг хэлж, аймаг орон нутгийн зүгээс арилжааны банкуудтай тохиролцох хүсэлтийг тэд гаргасан юм.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат энэхүү уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, МҮХАҮТ-ын Дархан салбарын захирал С.Мэндхүү зэрэг холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан бөгөөд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын зүгээс аль болох олон ААНБ, иргэдээ хөнгөлттэй зээлд хамруулах бодлогыг баримталж байгаагаа илэрхийлэн, энэ асуудлаар арилжааны банкны удирдлагуудтай удаа дараалан уулзалт товлосон боловч хойшлогдож байгаа тухай тайлбарыг өглөө.

Мөн МҮХАҮТ-ын Дархан салбараас Америк-Монгол сангийн Био эко төслийн хүрээнд хөнгөлттэй зээлд хамрагдаж болох тухай саналыг дэвшүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Монгол банк, Арилжааны  банкуудын гурвалсан гэрээний хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгогдох уг зээлийг арилжааны банкууд баталсан журмын дагуу бие даан шийдвэрлэж байгаа юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%