Дархан-Уул аймагт 13800 гаруй ахмад настан байдаг. Ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсын төсвийн 2.1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын хөгжлийн төв”-ийг барьж байгуулсан юм. Өнөөдөр /2021.09.27/ тус төвийн нээлтийг албан ёсоор хийлээ.
Нээлтэд ахмадуудын төлөөллөөс гадна аймаг орон нутгийн удирдлагууд оролцоо.
Аймаг орон нутгийн удирдлагуудын санаачилга, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан "Ахмадын хөгжлийн төв” нь Дархан сумын 5 дугаар багт байрладаг. Тус төвд нэг дор 90 гаруй ахмад үйлчлүүлэх боломжтой бөгөөд ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, бүжгийн танхим зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.
Мөн ахмадуудад зориулан “Цахим цагаан толгой” хөтөлбөрийг тус төвөөр дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан үйл ажиллагаанд шаардлагатай компьютер 8 ширхэг, LCD зурагтын хамт хандивлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мөн даралтын болон амьсгалын замын өвчлөлийн үед хэрэглэх аппаратыг хүлээлгэн өгсөн юм.
Цаашид тус төвийн материаллаг баазыг нэмэгдүлэхэд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Чөлөөт цагаа үр бүтээлтэй тохилог орчинд өнгөрүүлэх боломжийг нээн өгсөнд ахмадууд талархалтай байна.