Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа юм.
Шарын гол сумын ИТХ-тай хамтран спортын 4 төрөлт тэмцээн, Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн 5 төрөлт наадмыг зохион байгуулсан. Харин энэ удаа Орхон сумын ИТХ-тай хамтран оюуны мэдлэг шалгасан тэмцээнийг “МЭДЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮҮХЭД” нэрийн дор өнөөдөр /2023.04.18/ зохион байгууллаа. Уг тэмцээн нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уран илтгэх чадварыг хөгжүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах боломжийг олгох зорилготой бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямын ажлын албанаас дэмжин ажиллалаа.
“Мэдлэгтэй монгол хүүхэд” тэмцээнийг сумын ИТХ-ын дарга Б.Алтансарнай нээж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү тэмцээн нь Бид гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадна” сэдэвт зохион бичлэг, “Үе тэнгийнхний дээрэлхэлт” сэдэвт илтгэл, “Бидний мэдэх нутгийн өөрөө удирдах байгууллага” сэдэвт асуулт хариулт гэсэн 3 төрлөөр явагдлаа.
Илтгэл, зохион бичлэгийн уралдааныг 2 шаттай зохион байгуулсан ба шалгарсан шилдэг бүтээлийн эзэд тус тэмцээнд оролцож, мэдлэг оюунаараа өрсөлдлөө.