Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр Хуралдаанаар /2023.11.24/ Дархан-Уул аймгийн суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, эдэлбэр газрыг шинэчлэн тогтоолоо.
Тодруулбал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд суурьшлын бүсийн хил зааг дотор байгаа сумдын тэг гортигийг тогтоох, суурьшлын бүсийн хил заагаас хэтэрсэн тохиолдолд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж ирүүлсэн хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх саналыг улсын хэмжээнд нэгтгэх бөгөөд Газрын тухай хуулийн 19 дүгээр 19.1.10 дахь заалтын дагуу газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх юм.
Хот тосгон бусад суурины эдэлбэр газар болон цаашид тэлж хөгжих нөөц газрыг тогтоосноор газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах бэлчээрийн газарт төлөвлөлтгүй, эмх замбараагүй хийгддэг газар олголтыг журамлаж, хяналт тавих боломжийг бүрдүүлэх юм.
Иймд Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу суурин газрын суурьшлын бүсийн тэг гортиг болон Хонгор сумын ойн сан бүхий газраас 587.72 га, ХАА-н газраас 4174,92 га газрыг шилжүүлж, Хот, тосгон бусад суурингийн газарт 4762.64 га газрыг нэмэх, Шарын гол сумын ХАА-н газраас 846.46 га газрыг Хот, суурин бусад суурингийн газарт нэмэх, Орхон сумын ХАА-н газраас 7839,72 га газрыг хот тосгон бусад суурингийн газарт шилжүүлж, Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэхээр тус тус баталлаа.