“Ахмад настны тухай хууль”-аар ахмад настанд 60 түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэй байхаар заасан. Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 344766 тэтгэврийн насны иргэд байгаа бөгөөд үүнээс 238637 нь эмэгтэй, 106129 нь эрэгтэй байна. Энэ нь нийт хүн амын 10.1 хувийг ахмад настан эзэлж байна гэсэн үг. Харин Дархан-Уул аймагт 12000 гаруй ахмад настан амьдарч байна.
Сүүлийн 10 жилд тэтгэврийн насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 3.2 хувиар өсжээ. Энэ үзүүлэлт 2030 онд 12 хувь, 2050 онд 21.1 хувь болно гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийсэн байдаг.
Ахмадуудын тоо нэмэгдэж буйд тэдний ажлын байрыг эзэмших нь залуучуудын орлогыг хаах, орлогыг бууруулах үндэс хэмээн бүх нийтээр үзэх хандлага газар авсанаас ахмад ажилчдыг захиргааны шахалтаар тэтгэвэрт гаргах болсон нь гол шалтгаануудын нэг юм. Энэ нь эргээд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагсдын тоог нэмэгдүүлж, нийгэм дэх ядуу, буурай хэсгийн цөмийг ахмадууд бүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдлийг бий болгох юм.
Тодруулбал жил бүр улсын хэмжээнд 29 мянга гаруй иргэн /87 хувь нь бүрэн тэтгэвэр, 13 хувь нь хувь тэнцүүлсэн/ тэтгэвэрт гарч, татвар төлөгчөөс “нийгмээр тэжээлгэгч бүлэг”-т харьяалагдаж эхэлнэ гэсэн үг.
Гэтэл хуулиар тогтоосон тэтгэврийн насны иргэд нь харьцангуй хөдөлмөрлөх чадвар өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаанд дурьдагддаг. Өөрөөр хэлбэл 55-60 настныг”Ахмад настан” гэж нэрлэх нь өрөөсгөл ойлголт болж байна.
Эдгээр хүмүүсийг “ХҮН” гэдэг талаас нь авч үзвэл тэтгэвэрт гарах гэдэг нь биед амар мэт боловч нөгөө талаараа нийгмээс тусгаарлагдах, хамт олон, найз нөхдөөсөө холдох, ганцаардлын орчинд орох зэрэг асар их эрсдлийг авчирдаг.
Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлсэн “Настан ба эрүүл мэнд” дэд төслийн хүрээнд тэтгэвэрт гараад 2-5 жил болж байгаа иргэдээс судалгаа авахад тэдний 80.0 гаруй хувь нь сэтгэл санааны байнгын ба байнгын бус шаналгаатай, 20.3 хувь нь сэтгэлээр унасан, 17.4 хувь нь ганцаардалтай гэсэн дүн гарчээ.
Монгол улсад тэтгэврийн хэмжээ бага байгаагаас тэтгэвэрт гарснаар эдийн засгийн хувьд огцом уналтыг авчирдаг бөгөөд хүний хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэдэг хязгааргүй хүслийг хязгаарлагдмал “тэтгэврийн мөнгө” хангаж чадахгүйд хүргэдэг.
Гадны хөгжингүй орны иргэдийн хувьд тэтгэвэрт гарна гэдэг нь хөдөлмөрийн насандаа хуримтлуулсан тэтгэврийн сан дахь хөрөнгө мөнгөөрөө аялаж зугаалах, хоббигоо хөгжүүлэх, эсвэл хүссэн аж ахуй, жижиг бизнесээ эхлүүлэх боломж гэж хардаг бол монголчууд ази соёлын ялгаатай онцлогт баригдаж, гэр бүл, хүүхдүүддээ туслах замыг сонгох нь нийтлэг үзэгдэл юм.
Ахмадуудын 81 хувь нь тэтгэврийн зээл авдаг бөгөөд үүний 67 хувь нь үр хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулдаг гэсэн албан бус тоо байна.
Орлогын ганц эх үүсвэр болох цалингүй болж бага тэтгэвэртэй болсон ахмад настнуудын хувьд санхүүгийн хараат байдалд орж, өөрийнхөөрөө амьдрах боломж нь хаагдаж, харин анхан шатны хэрэгцээгээ хэрхэн хангах тухай асуудал болж хувирдаг.
ХЭҮК-ын судалгаагаар ахмад настнуудын өрхийн орлогын хүрэлцээтэй байдлыг авч үзэхэд, 52.4 хувь буюу хоёр ахмад настны нэг нь өдөр тутмын суурь хэрэгцээнд ч орлого нь хүрэлцдэггүй, 40.5 хувь нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ дөнгөж хүрдэг хэмээн хариулсан байна. “Ахмад настны социал асуудал” судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж хэмээн хариулсан бөгөөд мөн судалгаанд оролцогчдын 68.4 хувь нь өрхийн зарлага нь орлогоосоо давдаг гэжээ.
Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй байна.
Энэ бүхнээс харахад 55-60 насны хийж бүтээх насандаа тэтгэвэрт гарч, гэртээ сууж, нийгмээс тусгаарлагдах нь хүний сэтгэл зүйд “Би цаашдаа яаж амьдрах вэ?”, “Орлогын эх үүсвэр минь амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах уу? гэсэн асуултыг бий болгодог.
Өдөр бүр ажилдаа явж, хийж дадсан ажил, 20-30 жил хоногийн 24 цагаас хамгийн идэвхитэй байх 8 цагт нь хамт ажиллаж идээшиж дассан хамт олноосоо холдохоор нийгмээс тусгаарлагдсан мэт санагдаж, гуниглах, ганцаардах мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйн хувьд асар их стресс, дарамтанд орж өвдөх хандлага бий болдог байна.
Мөн тэтгэвэрт гарснаар өмнөх шигээ эрч хүчтэй, бүтээлч, идэвх зүтгэлтэй байх чадваргүй болдог гэх нийтлэг ойлголт нийгэмд байдаг нь ч тэдэнд сэтгэлийн дарамт учруулдаг.
Хэдэн настай вэ гэдгээс үл хамааран хүнд бие махбодын, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээ гэж бий. Ахмад настны хувьд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж чадахгүй байвал сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай болох, гуниглах, нойргүйдэх шинжүүд илэрдэг байна.
Тиймээс тэдэнд эхний бүлэгт “ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ”-ыг даван туулахад нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлага урган гарч байна.
Тухайн байгууллагын үйл ажиллагааны амжилт, үр дүнг бий болгохын тулд 20-30 жил залуу насны эрч хүч, идэвхи чармайлт, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулж ирсэн хүнийг “ТЭТГЭВРИЙН НАС” гэдэг шалтгаанаар шууд ажлаас чөлөөлж явуулах гэхээсээ өмнө тэдний туршлага, ур чадварыг БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛ гэж үзэн, тэдний мэдлэг, ажлын дадлага туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох учиртай.
Мөн хувиараа аж ахуй эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бий.
Үүнийг УИХ, Засгийн газрын бодлого, аймаг, сумын ИТХ-ын хөгжлийн бодлого, шийдвэрт тусган төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой.
Тэтгэврийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь тэдний орлогыг нэмэгдүүлэхээс гадна хувь хүний эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжихэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй нийгмийн баялаг бүтээх үйл явцад мэдлэг, туршлагатай боловсон хүчнүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд асар их нөлөө үзүүлэх юм.
Ахмад настнууд нь хамт олонтой байх, нийгмийн хүрээлэл дунд байх сонирхлын дагуу хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг бөгөөд тэдний энэ хүсэл эрмэлзлэлийг нийгмийн баялаг бүтээхэд ашиглаж, зөв менежментийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь нөгөө талаараа тэтгэврийн насны хүмүүсийн сэтгэл зүйн хямралыг даван туулахад туслах нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээ болох юм.
АХМАДУУДЫН ДИВААЖИН-“АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”
Дархан-Уул аймагт 2021 онд хамгийн анхны “Ахмадын хөгжлийн төв”-ийг байгуулж, Ахмад настны хөгжлийг хангах, нийгэм соёл, эрүүл мэндийн цогц үйлчилгээг чанартай тэгш хүртээхээр ажиллаж байна. Тус төв нь 2022-2023 оны 10 дугаар 31-ний байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол, нийгмийн хөгжил, явуулын үйлчилгээ, байгууллагатай танилцах үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 18859 ахмад настанд 127367 үйлчилгээ үзүүлээд байна. Үүнээс ахмадуудад эрүүл мэндийн сэргээн засах тусламжийн чиглэлээр бариа засал, физик эмчилгээ, гоо сайхан, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, нэм-ийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн болон боловсролын чиглэлээр урлаг засал, урлал засал, тоглоом засал, усан засал, хөгжлийн сургалт, соёл, спортын үйл ажиллагаа, нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламжийн чиглэлээр өдрийн үйлчилгээ, номын сан, төрөл бүрийн сургалт, мэдээлэл олгон ажиллаж байна.
Үүнээс сэтгэл зүйн үйлчилгээнд 212 ахмад хандаж, үйлчилгээ авчээ. Үүнд тэтгэвэрт гарсны дараах сэтгэл хямралтай иргэд ч хандаж, тусламж үйлчилгээ авсан байна.
Хамгийн гол нь энд ахмадууд хамтдаа өнжиж, ярилцаж, спортоор хичээллэж, урлагаар амьсгалж, насны ялгаанаас үүдсэн гадуурхалаас ангид хамтдаа хөгжиж болдог орчин бүрджээ.
Үүнээс харахад ахмадуудын эрүүл мэнд, хөгжил, сэтгэл зүйд анхаарч, бүх үйлчилгээ нь зөвхөн тэдэнд зориулагдан цогц хэлбэрээр ажилладаг ганцхан байгууллага нь “Ахмадын хөгжлийн төв” болж байна. Цаашдаа тус төв нь аймгийн Ахмадын болон сумдын ахмадын хороо, тус аймаг дах томоохон үйлдвэр байгууллагуудын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлүүдтэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож ахмад настаны төлөө гэсэн зорилго чиглэлээ нэгтгэж ажиллавал ихээхэн үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Иймд Монгол улсдаа ганцхан байдаг “Ахмадын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг төр засаг, орон нутгаас бодлогын хувьд улам бүр дэмжин хөгжүүлж шаардлагатай төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийнхаа бүх ахмадуудыг хамруулж тэдний давуу тал, мэдлэг дадлага, туршлага, хоббиг хөгжүүлэн залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх талаар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй юм.
Сэтгүүлч Б.Болорцэцэг 2023.12.01