Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэсээс эрхлэн Дархан сумын Тамгын газрын ажилтнуудад “Шилэн дансны тухай Монгол улсын хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж нэг өдрийн сургалт явуулав.
Тус аймгийн төсвийн бүх аж ахуй нэгж, байгууллагуудад өнгөрсөн онд төсвийг ил тод байлгах үүднээс шилэн дансны самбар байрлуулж ажиллуулсан бол шинэ он гарснаар бүх төсвийн байгууллагуудад шилэн дансны хуулийг сурталчилж төсвөө ил тод байлгаж иргэдэд хурдан шуурхай хүргэхийг зорьж энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан:-“Бид энэ сургалтыг зохион байгуулснаар төсвийн зарцуулалтыг ил тод болгож, шилэн дансны мэдээллийг олон нийтэд шуурхай цаг алдалгүй өгөх чиглэлээр зохион байгуулж байна. Иргэд шилэн дансны мэдээлэл авахын тулд http://www.shilendans.gov.mn/ хаягаар орж өөрийн хүссэн аж ахуй нэгж, байгууллагуудын санхүүгийн мэдээллийн дэлгэрэнгүйгээр нь харах боломжтой болж байна” гэв.