Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2015-02-18

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн

        Эрхэм хүндэт Дарханчууд аа!

        Монгол улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, өнөөдөр Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байгаа нийт иргэд, Дарханы минь ирээдүй болсон хүүхэд багачууд Та бүхэндээ айлчлан ирж буй 17 дугаар жарны модон хонин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
      Улиран одож буй ялгуусан хэмээгч модон морин жилийн барианд Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Мөн өдөр Дархан-Уул аймагт 9 хүүхэд мэндэлсний дотор 3 сая дахь иргэний хамгийн ойр чацуутнаар Дархан сумын 6 дугаар багийн иргэн Х.Алтангэрэлийн ҮҮРИЙНЦЭЛМЭГ охин тодорч, ээж аав, өтгөс буурлууд, өрх гэрийнхэн, нийт Дарханчуудаа баярлууллаа.
          Бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье.
         Дарханчуудын хувьд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гарсан жил боллоо.
Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тухайн жилийн олон ажлууд биелэлээ олсныг Дарханчууддаа дуулгахад таатай байна.
     Дархан-Уул аймаг нь 2014 онд 207,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16,4 хувиар өссөн дүнтэй байна.
      Мал тооллогын дүнгээр 324241 толгой мал тоолуулж, мал сүргээ 16.2 хувиар өсгөн, тариалсан талбайг 480.4 га-р нэмэгдүүлсэн байна.  Үүний үр дүнд тус аймгийн Шарын гол сумын малчин Лхагвын Цэвээн "Улсын сайн малчин”, Орхон сумын тариаланч Б.Үүрцайх, Ж.Отгонбаатар нар “Улсын тэргүүний тариаланч”-аар, Хонгор сумын Түмэн буудай ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор тус тус шалгарлаа. Мөн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан тугалын эзэн”-ээр Хонгор сумын малчин Т.Эрдэнэсүрэн тодорч, хөдөө аж ахуйн салбарынхан маань амжилт бүтээлээр дүүрэн байна.
     Улсын болон орон нутгийн төсвийн 51.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 169 төсөл, арга хэмжээг иргэдийн оролцоотойгоор зохион байгууллаа.
       Засгийн газрын “100000 айл орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 24 байршилд 2114 айлын нийтийн орон сууц шинээр ашиглалтад орсноор 8000 гаруй иргэд тохилог орон сууцанд амьдрах нөхцөл бүрдлээ.
    Та бидний хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд нь Дарханчуудын маань амьдралын чанарыг сайжруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
     Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн долоодугаар хуралдаанаар: “2015 оныг  аймгийн хэмжээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил”  болгон зарлаж, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  
Аймгийн 2015 оны зорилтуудыг ханган биелүүлэх үйлст Дарханчууд маань үнэтэй санал санаачлага гаргаж, дэмжлэг туслалцаа үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
      Дарханчууд та бид олсон амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, эрүүл саруул, энх тунх ажиллаж, амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн барья.

     Учран золгож байгаа модон хонин жилдээ айл бүр, ахан дүүс элгэн садангаараа сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ч.ЦЭНДСҮРЭН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%