Хөтөлийн “Цемент шохой” ХК технологийн шинэчлэл хийж нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Улмаар эдүгээ цементийн үйлдвэрлэлээ нэг сая тоннд хүргэж, 65 мянган тонн шохой үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр дэвшилтэт хуурай аргын технологи нэвтрүүлснээр зардлаа 34 хувиар бууруулжээ. Гэвч Хөтөлийн шохойн үйлдвэрт сүүлийн 30 жилийн турш технологийн шинэчлэл хийгээгүй аж. Тиймээс ч тус үйлдвэрт зайлшгүй технологийн шинэчлэл шаардлага тулгараад байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн сайдад дуулгалаа. Харин “Дархан минж” үйлдвэрийн хувьд энэ онд “Ээтэн” брэндийг зах зээлд танилцуулсан бөгөөд энэ онд 5000 хос гутал борлуулжээ. Тус боловсруулах үйлдвэр нь жилдээ 350 мянган ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл, бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. “Дархан нэхий” компани өнгөрсөн онд 24 тэрбум төгрөгийн борлуулалтыг дотоодын зах зээлд хийсэн байна. Тус компани Чингис бондын санхүүжилтийн эх үүсвэрээс 2013 онд 14 тэрбум төгрөгийн зээл авч, түүхий эдийн бэлтгэлдээ дийлэнхийг нь зарцуулсан гэлээ. Мөн сүүлийн хоёр жилд импортоор арьс, шир авах хэмжээ буурсан байна. Тодруулбал, 2013 онд жилд Монгол Улс 100 гаруй тэрбум төгрөгийн арьс шир импортлодог гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл сүүлийн хоёр жилд арьс шир импортлох явдал харьцангуй буурч байгааг “Дархан нэхий” компанийн удирдлагууд энэ үеэр онцоллоо.
Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас үүдэж бүтээгдэхүүн нь үнэгүйдээд байгаа аж. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Дархан-Уул аймаг хүнд үйлдвэрлэлийн төв болж хөгжих учиртайг тэр тусмаа төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хөгжих бүрэн боломж, нөөц, суурь байгаа гэдгийг санууллаа.
Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцож байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат маргааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад ажиллана.