Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013-2016 онд хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилготой юм. Уг төслийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшинг тогтоох” судалгааг 2015 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал 3 сарын хугацаанд 5 аймгийн 15 сум, нийслэл Улаанбаатар хотын 7 дүүргийн 20 хороог хамруулан Эм Эм Си Жи ХХКомпани амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Уг судалгаа нь НӨУБ-ын талаарх олон нийтийн хандлагыг тодорхойлох үндэсний хэмжээний анхны судалгаа болж байгаагаараа онцлог юм.
Дархан-Уул аймгийн хувьд орон нутгийн телевизийн сувгуудаар ИТХ-ын
чиг үүрэг, үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээ мэдээллийг хамгийн их хүргэдэг буюу судалгаанд оролцсон иргэдийн 56 хувь нь мэдээлэл авдаг гэж хариулсан байна. Хөрш айл буюу ойр дотны хэн нэгнээс 16,8 хувь нь мэдээлэл авдаг бол хурал уулзалтын үеэр 10,5 хувь нь мэдээлэлтэй болдог тухай хариулжээ. Аймгийн ИТХурал үйл ажиллагаагаа тайлагнадаг эсэхийг тодруулахад Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн 66 хувь, Шарын гол сумын иргэдийн 61 хувь нь тайлагнадаг гэж үзсэн байна.
ИТХ-ын үйл ажиллагааг "Маш сайн" болон "Зарим талаар сайн" гэсэн үнэлгээний нийлбэр хамгийн өндөр байгаа нь Дархан-Уул аймаг байна. "Маш сайн" болон "Зарим талаар сайн" гэсэн үнэлгээ өгсөн шалтгааныг тодруулахад хийж байгаа ажил нь нүдэнд харагддаг, нээлттэй ил тод мэдээллэдэг, үйл ажиллагаагаа тайлагнадаг, иргэддээ чиглэсэн хэрэгцээнд нийцсэн шийдвэрүүд гаргадаг гэж 32.2 хувь нь хариулсан бол Муу үнэлгээ өгсөн 11.2 хувь нь иргэддээ мэдээлэл маш муу өгдөг, иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байна гэж хариулжээ.
Уг судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан бөгөөд ИТХ-ын төлөөлөгчид болон нутгийн иргэдийн санаа бодлыг 2 талаас нь судалж, үр дүнг нэгтгэн дүгнэсэн нь аль аль талын үзэл бодол, ойлголтын зөрүүг тодруулснаараа ач холбогдолтой байлаа. Судалгаанд нийслэл хот болон хөдөө орон нутгийн нийт 1200 өрх болон нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл хамрагдсан байна.
Энэхүү судалгаа нь НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх, үр
нөлөөллийг сайжруулах, иргэдийн ойлголт хандлагыг сайжруулах ажилд чухал
үр дүнтэй судалгаа болсон гэж төслийн багаас дүгнэж байгаа аж.