Дархан-Уул аймгийн Засаг даргын “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 71 дүгээр зорилтод “Авто замын засвар үйлчилгээг тогтмол хийж шаардлагатай чиглэлүүдэд шинээр авто зам барина” гэж тусгагдсан.
Уг зорилтыг биелүүлж иргэдийн ая тухтай, амар тайван орчинд аж төрөх нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэж, Дархан сумын 8-12, 15 дугаар багуудыг холбосон нийт 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 км авто зам барих ажлын эхлэл болох 6.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2.4 км авто замын ажлын зураг төсвийг нь 47.0 сая төгрөгийн өртөгөөр “Гео-Зураглал” ХХК хийсэн. Гүйцэтгэгчийн тендер зарлахад “Өсөх урам” компани шалгарч ажлаа гүйцэтгэснээр Дархан хотын 11, 12, 13 дугаар хорооллын авто замыг “Зурагтын толгой”-г давуулж “Шинэ Дархан”-тай холбох юм. “Уг найман км замын эхлэл болсон 2,4 км авто замын ажлыг санхүүжүүлэхдээ улсаас ямар нэгэн хөрөнгө мөнгөний татаас авалгүйгээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаагаараа ач холбогдолтой” гэж аймгийн ЗДТГ-ын Ч.Чүлтэмбат хэллээ. Учир нь өөрсдийн хэмнэсэн зардлаа зөв зүйлд тэр тусмаа иргэдийнхээ саналын дагуу хэрэгцээ шаардлагад нь нийцүүлж хоёр Дарханыг холбосон замын ажлыг хийж байгаа нь энэ юм. “Бид Дархан хотын мэндэлсэн өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 17-н гэхэд дуусгахаар ажиллаж байна. Энэ долоо хоногт асбальтон хучилтын ажил эхэлнэ” гэж тус “Өсөх урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо ярилаа. Тус замын ажлын гүйцэтгэлд “Дархан барилга захиалагч” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын инженерүүд хяналт тавин ажиллаж байна.