Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛУНГУА ЭХИЙН СУРГААЛЬ ХӨШӨӨНД МӨНХӨРЛӨӨ

2015-11-04

“-Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөө Дархан хотын төв талбайд сүндэрлэлээ.

Дархан угаасаа эв нэгдлийн  билэг тэмдэг хот. Бурхантын зэлүүд хөндийд Монголчуудтай  хамт Орос,Польш, Болгар, Чех, Унгар хүмүүсийн гараар үйлдвэр уурхай байгуулахаас өмнө энэ нутгийн эрдэс баялгийг нь Германы хайгуулчид нээн илрүүлсэн түүхтэй. Ахан дүү бололцсон энэ олон орны хүмүүсийн бүтээн босгосон хотыг найрамдлын хэмээн нэрлэдэг нь ийм  учиртай. "Дархан нутаг" Төрийн бус байгууллагаас санаачлан Дарханчуудын эв нөхөрлөл, хамтын хүчийг эрхэмлэсэн сэтгэлийг билэгдэн “Алунгуа” эхийн хөшөөг “Дархан-50” цогцолбортоо заллаа. Хөшөөний нээлтэн дээр "Дархан нутаг" Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Мөнхдаш үг хэлэв. “-Монгол хүмүүст эв нэгдэл чухал үе ирлээ.Дарханчууд үүнийг үлгэрлэн дууриал үзүүлж чадна. Ах дүү анд нөхөд, танил дотно биш хүмүүс ч ялгаагүй бие биендээ эвсэг найртай хандацгаая. Эвийн хүчээр бүхнийг дийлэхийн утга учрыг илэрхийлдэг Алунгоо эхийн сургаальтай, Дархан нутаг эртнээс түүхэн холбоотой. Залуу Тэмүүжин тархай бутархай олон Монгол  аймгуудыг нэгтгэн  Их Монгол Улсыг байгуулахаар тэмцэж явсан Орхон, Сэлэнгэ, Хараа голын бэлчир нутгийн түмэн олон Алунгоо эхийн таван хөвүүндээ хичээнгүйлэн сургасан эв нэгдлийн үнэ цэнийг бүүр ч илүү ойлгох ёстой. Ингэсэн цагт бид Монгол түмний эв нэгдэлд тус хүргэнэ. Багцалсан таван сум мэт нэгдэж найрамдал нөхөрлөлийн хотын нэр төрөө хадгалцгаая” гэхэд хүмүүс уухайлан дэмжлээ.

Алунгуа эхийн хөшөөг уран барималч Ж.Нанзаддорж бүтээжээ. Тэрээр урьд нь Хэнтий аймгийн төв Чингис хотод Эзэн Чингис хааны морьтой хөшөө, Өэлүн эхийн дурсгалын цогцолборыг бүтээж олонд танигдсан уран  бүтээлч юм. Хөшөө нээгдсэн цагаас эхлэн энд ирэх хүмүүс олширч, хүүхэд  багачуудын  хөл нэмэгдлээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олноороо хөшөөний дэргэд цуглан багш нар нь Алунгуа эхийн сургаалын утга учрыг тайлбарлан таниулж байна. Дарханы 18-р цэцэрлэгийн багш С.Мөнхцэцэг хэлэхдээ “-Бага хүүхдүүдэд “Монголын Нууц Товчоо”-ноос уншиж ярих нэг хэрэг. Харин энэ хөшөө рүү ирж Алунгуа эх, таван хөвүүнийг нь нүдээр үзэж сургааль үгсийг нь ойлгож  мэдрэхэд хүүхдүүдэд их дөхөмтэй. Эв нөхөрлөлийн тухай нуршин ярихын оронд энэ хөшөөнд сэтгэл зүрхээрээ хүндэтгэл үзүүлэхэд л хангалттай” гэж байв. Хөшөөг харахад Алунгуа эхийн хайр энэрэл дүүрэн дүр төрх, өхөөрдөм хөөрхөн ахан дүү таван хөвүүний өөр өөр зан төлөв нь тун ч урнаар дүрслэгджээ хэмээн үзсэн хүмүүс үнэллээ.

Бурхантын хөндийн унаган нутгийн залуус үүсгэсэн “Дархан нутаг” Төрийн бус байгууллагаас төрөлх Дархан хотоо хөгжүүлэхэд олон бүтээлч ажил хийж байгаагийн нэгэн тод илрэл нь Алунгуа эхийн хөшөө боллоо. Энд ирсэн хүн болгон эв нэгдэл хичнээн чухал болохыг сэтгэлдээ мэдрээд буцах нь эргэлзээгүй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%