Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулган боллоо.

2015-12-18

 Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын аймгийн удирдлагууд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганд оролцож байгаа аж.

 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүд оролцож буй тус чуулганд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, “Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тависан байна.
    Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгийн удирдлагуудад хандан илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлдээ: Би 2009 онд гарч ирээд иргэдийн оролцоо хэрэгтэй. Монголчууд иргэний нийгмээ байгуулж байгаа. Иргэд оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй гэж ярьсаар байгаад, зөвлөгөөн хийж зүтгүүлсээр байгаад хуульд өөрчлөлт оруулж Орон нутгийн хөгжлийн санг бий болгосон. 2013 оноос эхлээд тодорхой томъёогоор мөнгө хуваарилж эхэлсэн. 2014, 2015 онд өгсөн. Улаанбаатараас орон нутагтаа очоод амраад ирсэн хүн хүртэл ярьж байгаа. Аймгаас сум руу очсон хүн хүртэл ярьж байгаа шүү дээ. Суман дээр амьдарч байгаа хүн ч ярьж байгаа. “Үнэхээр манай сум, аймаг нүүрээ угаасан юм шиг боллоо. Шинэ юм шиг боллоо. Ажил хийгдэж байна” гэж ярьж байгаа. Иргэдэд эрхийг нь өглөө гээд орхиж болохгүй. Тэнд санхүүгийн эрх байхгүй бол, орон нутагт анхүүгийн эрх очихгүй бол, иргэдийн гар дээр асуудал шийддэг эрх очихгүй бол юу ч шйидэгдэхгүй. Бүх сум, дүүрэг, Улаанбаатар бүгд адилхан. Маш их зүйл хийгдсэн. Үүний цаана нэг их сайн зүйл гарч ирж байгаа. Хамтын амьдралын соёл бий болж байгаа. Соёл төлөвшиж байгаа. Нэгэнт тийм боломж үүсээд ирэхээр хүмүүс ирээдүйгээ ярьж эхэлдэг. Төлөвлөгөөгөө гаргаж эхэлдэг. Бүтээдэг. Нийлээд хийж, бүтээж байгаа зүйлээрээ бахархдаг болж эхэлж байгаа. Нэг хүн ярьж байсан. Гаднаас нэг залуу ирээд, аймаг дээрээ очиж байж байгаад гадагш явах гэснээ “Ерөөсөө би аймагтаа үлдлээ. Манай аймагт хүн аятайхан амьдрах сайхан боломж бүрдэж байгаа юм байна шүү дээ. Заавал би гадагшаа явж яах юм” гэсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар руу хөдөөнөөс нүүдэг нүүдэл нэг үеэ бодоход татраад, эргээд аймаг, сум руугаа очдог үзэгдэл нэлээд олон аймаг дээр гардаг болсныг мэдэж байгаа. “тэндээ очиж амьдаръя. Энд утаанд, түгжрээнд байгаад яах вэ” гэсэн ойлголт нэмэгдэж эхэлж байна. Энэ бол сайн зүйл.
    Гэтэл үүний хажуугаар саар зүйл байгаа. Сайн санаачилга гаргаад хэрэгжүүлж байхад хариуцлагагүй удирдлага, хариуцлагагүй хүмүүсийн буруу ажиллагаанаас болоод одоо үүнийг чинь буцааж булааж авч байна шүү дээ. Орон нутгийн хөгжлийн санд мөнгө төвлөрүлэхээ больё. Багасгая. Үүний хажуугаар өгөх мөнгөө ч бүрэн өгдөггүй, ийм байдал руу очиж байна. Хууль зөрчдөг, дураараа загнадаг, дундаас нь завшдаг, иргэдээсээ асуудаггүй. Асуудлынхаа эрэмбийг тогтоодоггүй. Хийж байгаа ажилдаа иргэдийн хяналтыг тавиулдаггүй. Түүнээсээ болоод чанаргүй гүйцэтгэлтэй болдог. Түүнийгээ тордоод, додомдоод цаашаа аваад явах иргэдийн оролцоог бий болгож чадаагүй. Ийм механизм тогтоогоогүй. Үүнээс болоод иргэдэд очиж байсан энэ сайн эрх буцаж унах гээд байна. Удирдлагын бүтэлгүйтлээс болж энэ хайран сайхан юм яйран болох чиглэл рүү очиж байгаа юм. Үүнийг та бүхэн, иргэд ойлгосон байхад засч чадна гэдэгт би итгэж байгаа юм.
     Хамгийн том хүндрэл юунаас гарч байна вэ гэхээр Орон нутгийн хөгжлийн сан дээр санхүүжилт бүрэн хийгдэхгүй байна. 2013 онд мөнгө төлөвлөсөн. Тэр төлөвлөсөн мөнгөний 11 хувийг бүрэн хийгээгүй. 2014 онд бүрэн санхүүжилт хийгээгүй мөнгө нь 32 хувь болж доошоо буусан. 2015 онд 34 хувь болж доошоо буусан. Ямар мөнгө төлөвлөсөн бэ гэхээр 2013 онд 187,4 тэрбум төгрөг анх Орон нутгийн хөгжлийн санд төлөвлөж, бүх хот, дүүрэг, аймаг, суманд хуваарилж байсан. 2014 онд үүнийг өсгөөд 284,7 тэрбум төгрөг болсон бол 2015 онд 127,1 тэрбум төгрөг болж шууд доошоо унасан. Би сая Төсвийн хууль дээр УИХ-ын гишүүд, бусад хүмүүст нэг л зүйл хэлж байсан. Та нар Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг л хасч болохгүй шүү. 2016 онд ямар ч хүндрэлтэй байсан өгөөрэй гэсэн. 2016 онд 131 тэрбум төгрөг л төлөвлөгдсөн байгаа. 2014 онд хамгийн өндөр 284,7 тэрбум төгрөг байснаас сая төлөвлөгдсөн 131 тэрбум төгрөгийг хасахаар хамгийн өндөр өгч байсан үеэс 153,7 тэрбум төгрөг орон нутгийн санхүүжилтэд дутууочиж, 3 жилийн дотор 50 хувиас доош, 60-70 хувиар дутуу олгогдож байна.

Энэ ямар учиртай юм бэ. Та нар ажлаа хийж чадахгүй байгаа юм уу. Энэ мөнгөн үнэхээр юм болохгүй байгаа юм уу. Миний түрүүчийн хэлдэг дутагдал гэдэг бол ганц нэг, цөөхөн газарт л гарч байгаа гэж харж байна. Энэ нь үүнийг ингэж багасгах үндэслэл болох ёсгүй. Би энэ асуудлыг та бүхэн ярих байх гэж бодож байна. Сүүлийн 3 жилд Орон нутгийн хөгжлийн санг санхүүжүүлэлгүй үлдсэн мөнгө 153,7 тэрбум төгрөг болсон. Баахан ажил төлөвлөдөг. Урьдчилаад концесс гэдгээр хийлгэдэг. Эргээд мөнгө нь Сангийн яамнаас ирнэ гэдэг. Мөнгийг жилийн эхэнд олгодоггүй. Хавар дулааны улиралд олгодоггүй нэг зовлон байдаг шүү дээ. Бүр явж явж өвөл олгодог. Он давж нэг юм ирнэ үү, ирэхгүй байна уу. Ийм л байдалд та бүхэн ордог шүү дээ. Энэ асуудлаа хүнд мэдрэгдтэл яагаад ярьж болдоггүй юм бэ. Үүнийг чинь Монголын иргэд, хүмүүс мэдрээд байна. Очсон мөнгийг манай иргэз, орон нутгийн удирдлагууд сайн газраа зав зохион байгуулж, зөв юмандаа хийж чадаж байна гэж үзэж байгаа.

Би эндээс УИХ руу нэг хууль оруулаад Сангийн яам руу явуулаад сайн явахгүй байгаа. Би цаашаа нэг зйүлийг заавал хийх ёстой гэж бодож байгаа.. УИХ-д нэг удаа ороод буцаасан. Энэ хууль хоёр шалгууртай. Нэгд, зарчмаа тохиръё. Нэг зарчмыг заавал зааж өгье. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг урьдах жилийн санхүүжилтээс бууруулахгүй байя. Үүнийг бүр хуульчилж өгье. Хоёрт, хүн амын асуудлыг гол шалгуураа болгож тавья. Янз бүрийн хувь тавьж, янз бүрээр л ярьсан. Ер нь 40 хувь байхад болох юм уу даа гэсэн нэг зүйл байгаа.

  Дээрээс нь нэг зүйл хэлэхэд та бүхэн дэмжээгүй байхад орон нутагт нэг сайн хөдөлгөөн үүсч байгаа. Энэ үүсээгүй газарт үүсгэх хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Хуримтлалын бүлгүүд гэж үүссэн. Сум бүхэн дээр хуримтлалын бүлэг цуглуулах хэрэгтэй. Баг болгон дээр, аймаг, хороо, хэсэг бүхэнд хуримтлалын бүлэг бий болгооч. Иргэд мянга, мянган төгрөг нийлүүлээд хуримтлалын бүлэг бий болгож байгаа шүү дээ. Түүгээрээ ямар хөөрхөн хөөрхөн ажил хийж байна вэ. Бие биедээ, ядарч зүдэрсэндээ тусалж байна. Иргэд өөрсдийнхөө хүрч ядаж байгаа хэдэн төгрөгөө дундаасаа цуглуулаад ийм зүйлийг сайн санаачлагаараа хийж байна. Тэгэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас очиж байгаа тодорхой мөнгөөр, тодорхой хувиар, тодорхой шалгуураар тэдний санаачлагыг дэмждэг байх ёстой л гэж бодож байгаа. Орон нутгийн удирдлага анхаарах хоёр зүйл бий. Хэрэв орон нутагт эдийн засаг, санхүү, хүний нөөцийн эрх мэдлийг өгөөгүй бол орон нутгийн удирдлага гэж томилоод, хэчнээн сонгоод яах юм бэ. Хэчнээн өөрчлөөд яах юм.
    Өнөөгийнхөөрөө байж болно. Тэгвэл тэр эдийн засгийн, санхүүгийн, хүний нөөцийн эрх мэдлүүдийг нь өг. Хууль байгаа шүү дээ. Үүнээс доош орон нутаг ямар хураамжаа чөлөөлөх юм. Ямар татвараа чөлөөлөх юм, түүнийгээ шийд гэсэн шүү дээ. Түүнийгээ ИТХ шийддэг. Тэгээд орж ирж байгаа орлогоо зарцуулдаг, чөлөөлдөг. Тэр зүйлээ орон нутаг шийдэг байх юм бол маш их чухал.
Бас нэг ярих ёстой зүйл бол УИХ дээр ярьж ярьж бүх юмыг нь хуваарилаад өгчихдөг. Цаашдаа Төсвийн хууль дээр судалгаа хийж байгаад үүнийг болимоор байгаа юм. Олон жил ярилаа шүү дээ. Орон нутгийн удирдлага, Засаг дарга, ИТХ ярьж байгаад төсвийн төлөвлөгөөгөө Сангийн яаманд авч ирдэг. Сангийн яамтай, Засгийн газартай хэлэлцээр хийгээд л “За, манайд өгөх юм чинь энэ байна” гэж бүтнээр нь батлуулж авдаг. Орон нутагт очоод ИТХ нь зүйл заалт, нэг, хоёр төгрөгөөр нь задаргааг нь хийдэг. Ингэх юм бол орон нутгийн Хурал жинхэнэ амьдарна. Жинхэнэ ажилтай болно. Жинхэнэ бид чинь энэ хүмүүсийн төлөө асуудал шийдэж байгаа юм байна гэдгээ ойлгоно. Үүнийг судлаад, үүн дээр ярилцах байх гэж бодож байна.
      Үндсэн хуулийн нэг чухал зарчим байгаа. Хэрэв Үндсэн хуульд нийцэж байгаа бол, тухайн асуудлаар тусгайлан хууль гараагүй бол орон нутгийн ИТХ орон нутагтаа тохирсон, хууль зөрчөөгүй хэм хэмжээ тогтоогоод, иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчлэх эрхтэй Энэ бол Үндсэн хуулийн тулгуур заалтуудын нэг шүү. Үүнийг төвд байгаа зарим нэг толгой мушгидаг, улстөржүүлдэг. Буруу тйишээ авч давхих гэдэг. Энэ бүхнийг та бүхэн ярих байх аа.
Миний нээлтийн үгэндээ хэлэх гэсэн эхний нэг том санаа, эхний хэсэг бол энэ орон нутгийн удирдлага, түүнтэй холботой асуудал байлаа.

      Хоёр дахь асуудал бол хариуцлагатай холбоотой зүйл гэдгийг би дээр хэлсэн. Хариуцлагын асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Үүн дээр санаачилга гаргаж их зүтгүүлж байгаа. Нэг хоёр хүний санаачилга ч байна уу, нийгмийн санаачилга ч байна уу, ажил болгоын төлөө бид явах л ёстой. Үүнээс бид буцах ёстой. Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн. Үүнийг мөрдсөнөөс хойш 6100 гаруй төсвийн ерөнхийлөн захирагч нар, нягтлангууд хоорондоо нэг юм ярьдаг болсон. Наад зах нь “Цаана чинь Шилэн дансны хууль байгаа шүү. Юу болж байна гэж ярьдаг. Дээрээс нь сумын ч бай, хаанахын ч бай, Засаг дарга, бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын ширээний ном бол Шилэн дансны хууль болсон байна. Зурахыг нь зураад, тодруулахыг нь тодруулаад тавьчихсан байна.

  Одоо Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд ард нийт хяналтаа тогтоох ёстой. Энэ хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын хуульд ч мөн бий. Хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол албан тушаалаас нь огцруулна гэж заасан байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагчид, аймаг сумын Засаг дарга нар, нягтлан бодох ажилтнууд огцорсон, үүргээ биелүүлж чадаагүйн улмаас цалингаа хасуулсан гэсэн мэдээллийг үлгэр жишээ болон нийтэд харуулаач. Саяхан аудитын газрын дүгнэлтээр долоон албан тушаалтан асуудалд холбогдож, үүний дагуу Засгийн газрын шийдвэрээр хэдэн хүний цалинг хассан сурагтай байна. Үүнтэй төстэй мэдээллийг олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй.

Албан тушаалтны мөнгө гэж байхгүй шүү, дарга нар аа. Ард түмний мөнгийг хэрхэн зарцуулж байгааг төгрөг тус бүрээр нь Шилэн дансаар олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ хуулийг өргөн барихдаа сая төгрөгнөөс дээш гүйлгээг Шилэн дансанд мэдээлэх ёстой гэснийг УИХ таван сая төгрөгнөөс дээш болгоод өөрчилсөн. Мөн хариуцлага, олон нийтийн хяналттай холбоотой заалтуудыг хассан. Гэхдээ л энэ хуулийг баталсан нь их юм болсон. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг улам чангаруулах хэрэгтэй.

Тухайлбал, Иргэний бүртгэл, мэдээллийн төв төсвөөс зарцуулсан 100 төгрөгөө хүртэл Шилэн дансанд нийтэлж байна гэж мэдээлж байсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын дунд гардаг жирийн нэг булхай бол таван сая төгрөгнөөс бага хэсэгт хуваан зарцуулдаг. Гэвч энэ бүхнийг ард иргэд, аудитын байгууллага харж байгаа. Хүмүүс хурц нүдтэй. Хүмүүс сайд дарга нар юу ярьж байгааг анзаардаггүй, харин ард түмний мөнгийг хэрхэн зарцуулж байгааг анхаардаг.
Шилэн дансны ачаар төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулдаг хандлага бий болж байна. Хүлээн авалт, цайллага л биш бол бид хоолныхоо мөнгийг өөрөө төлдөг шүү дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв 2013 оноос эхлэн жил бүр арван хувиар буурсаар байгаа. Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн институц тарчихаагүй л байна. Та бүхэн энэ байгууллагын жил бүрийн төсөв хэд байсныг харж болно. Гадаад дотоодын айлчлалыг бараг хийхгүй болтол нь танасан. Энэ бүхэн хяналтад байх ёстой болохоос нэг шударга нөхөр хэрэгжүүлдэггүй юм. Ирэх оны эхний хоёр сард багтаад аудитын газар, Мэдээлэл харилцаа, холбоо, технологийн газартай хамтраад өнгөрсөн оны Шилэн дансны тайланг дүгнэх хэрэгтэй. Засгийн газар энэ асуудлыг хариуцан ажиллаж, УИХ-д сонсгох хэрэгтэй. Орон нутгийн ИТХ, Засаг даргын тамгын газар бүхэн энэ асуудлыг он гараад ярилцах хэрэгтэй. Хуулийг өөрчлөөд байх шаадлгагүй. Хэрэв өөрчлөх хэрэгтэй бол бидэнд ханд. Манай Тамгын газар энэ хуулийг улам сайжруулах ажлыг хийнэ.

Сангийн яам нэг оновчтой ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь юу гэвэл тухайн байгууллагын нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдаж, мөнгөн гүйлгээ хийсэн л бол нэгдсэн Шилэн дансны хяналт руу шууд ордог байх тогтолцоо бүрдүүлж байгаа. Үүнийг тухайн байгууллагын Шилэн дансанд тавихгүй байсан ч нэгдсэн Шилэн дансанд нийтлэгдэнэ. Харин тухайн байгууллага өөрийн Шилэн дансанд тавиагүйнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Үүнийг сайтар бичиж тэмдэглэж аваад, хоорондоо сайн ярилцаарай гэж онцолж хэлье.

Хоёрдугаарт, Нийтийн сонсголын тухай хууль гэж гарсан. Өнөөдрөөс 15 хоногийн дараа энэ хуулийг мөрдөж эхлэх гэж байна. Энэ бол та бүхний гартаа барих хууль. Тэр дундаа манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн энэ хуулийг гарын авлага болгох ёстой. Ард түмэн та бүхнээр дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү. Тэгэхээр иргэд ИТХ-аар гаргах гэж байгаа шийдвэрүүдийн талаар сонсголуудыг явуулна. Мөн хяналтын, төсвийн хяналтын тухай сонсгол гэж тусад нь ангилж өгсөн. Мөн томилгоо, захиргааны хариуцлагын, орон нутгийн тухай сонсгол байна. Зарим нэг асуудлаар УИХ байнгын хороо орон нутагт очиж сонсгол хийхээр энэ хуульд тусгаж өгсөн. Ардчиллыг ажиллуулах хуулийг бид гаргаж өгсөн шүү. Хуулиар хэрхэн засагладаг, иргэдийн оролцоотой асуудлыг хэрхэн шийддэг, хяналтаа хэрхэн ил тод явуулдаг юм гэдгийг шийдэж өгсөн.

 Энэ хуулийг бүгдээрээ олж авах хэрэгтэй. Төрийн байгууллагууд энэ хуулийг цааш нь сурталчлах, ард иргэддээ хүргэх нь зүйтэй.

    Мөн Захиргааны ерөнхий хуулийг гаргасан. Бид Захиргааны шүүхээ байгуулсан ч хуулиа гаргаагүй байсан. Замын цагдаагаа томилсон байж замынхаа дүрмийг гаргаагүй байсан. Энэ хууль 2016 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Иргэн, захиргааны харилцааг бүгдийг нь оруулсан. Тусдаа шүүхтэй болсон. Одоо ямар ч хяналтгүй, хариуцлагагүй мэт байгаа бол одоо шийдвэрийн төсөл, тэмдэглэл, гарын үсэг бүгд үлдэж, архивлагдаж, нэгдсэн санд бүртгэгддэг болно. Бүх зүйл шилэн байна. Үүнийг хэрэгжүүлээгүй бол дахин хариуцлагад тооцно.
Тамга барьсан бүхэн хууль завхруулдаг, эрх мэдлээ хэтрүүлдэг байдлыг зогсооно. Буух эзэнтэй, буцах хаягтай болж байгаа шүү. Уулзалт яриа, төсөл бүхэн тэмдэглэгдэж үлддэг болж байгаа шүү. Аливаа шийдвэр бүхэн гүйцэтгэлтэй болж байгаа. Нэгээс арван жил төрийн албанд эргэж орохгүй болтол эрхийг нь хасах хуультай болж байна. Ийм зохицуулалт манай хуульд байхгүй байсан.         Бид УИХ-ын гишүүдэд талархах ёстой.

Монголын нийгмийн хариуцлагатай болгох хуулиудыг УИХ баталж өгсөн. Хариуцлагагүй болчихоод байна. Хариуцлага байхгүй, хууль зөрсөн албан тушаалтан хариуцлагаа хүлээдэггүй л бол энэ нийгмийн утга алдагдаад байна. Тэгээд иргэдийн бухимдал нэмэгдээд байна гэж би хэлээд байгаа.
Мөн одоогоор өргөн баригдаад байгаа төрийн албаны тухай хууль гэж байна. Төрийн алба шиг албатай болъё. Төрийн албыг шатлалтай, шалгууртай, мэргэжлийн болгож байгаа. Өнөөдөр төрийн албанд орсон хүн 30 жилийн дараа чухам ямар албан тушаалын зэрэглэлтэй байх вэ? Энэ бүхнийг сайтар зохицуулсан. Төрийн албыг улс төр, намын нөлөөллөөс ангид байлгах заагийг энэ хуульд тусгасан. Төрийн албаны зөвлөл, засгийн газар, засаг даргын тамгын газар бүхний эрх үүргүүдийг тусгасан. Нэг дарга, сайд томилогдож очоод тухайн байгууллагадаа чухам хэдэн хүнийг халж солихыг тусгасан шүү.

Энэ хуулийг одоо завхруулж болохгүй. Энэ төсөл, энэ боломжоор нь дэмжих хэрэгтэй. Төрийн албанд нэгэнт орсон хүмүүс бас мөнх ажиллахгүй. Жил бүр шалгалт өгдөг, жил бүр нийт ажилтнуудын арван хувь нь шинээр сэлбэж солигддог байх юм.

     Монгол Улс мэргэжлийн чадварлаг, төрийн албатай байх ёстой. Энэ нь эргээд улс орны аюулгүй байдал, хөгжилд сайнаар нөлөөлж, бидний сонгож авсан замтай холбогдох учиртай юм. Дээрээс нь энэ Төрийн албаны зөвлөл гэж том толгойтой байгууллага гаргаагүй. Энэ байгууллагатай эргээд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн. Ингээд саяны миний ярьсан мэдээллүүд бүгд ил тод, шилэн байх юм. УИХ-ын сонгууль болохын жилийн өмнөхөн Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулдаг. Эсвэл сонгуулийн дараахан Ерөнхий сайдын саналаар баахан юм өөрчилдөг байсан. Үүнийг дээрх хуулиар зохицуулж байгаа. Одоо УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө, сонгуулиас нэг жилийн дараа уг хуульд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан. Энд хүрэлцэн ирсэн хүмүүсийг харахад зарим нэг нь толгой дохиж, зарим нь өөр тийш харж байна. Бид хуулийн дагуу амьдардаг энэ харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Бид улс орныхоо баялгийг хэрхэн зарцуулах, түүний удирдлагыг хэрхэн зохицуулах вэ? Үүнийг зохицуулах хууль маш чухал. Үүний дагуу бид Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй. Баялгаас орж ирсэн хөрөнгийг дур мэдэн зарцуулдаг, төрийн бодлогоос зөрж шийддэг, их хэмжээний өр зээл тавьдаг байдлыг бид зогсоох ёстой. Бид үнэхээр хариуцлагатай төрийг цогцлоох гэж байгаа юм бол үр хүүхэддээ өр биш өв үлдээх ёстой. Үүний тулд бил хуультай болж, тодорхой тогтолцоог нь бүрдүүлэх ёстой. Энэ хуулийг Сангийн яамтай ярилцаж, хэдэн сарын турш ажиллаж байж бид өргөн барьсан. Гэтэл энэ хуулийг батлах эсэх нь өнөөдөр тодорхойгүй байна. УИХ өнөөдөр хийх ажилгүй байгаа юм уу? Ард иргэд үүнээс л болж бухимдаад байгаа юм.

Мөн маш чухал нэг хууль байгаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль гэж. Удаан хугацааны турш ярилцаж байж энэ хуулийг бид боловсруулсан. Бид 2015 оны нэгдүгээр сарын 14-нд энэ хуулийг өргөн барьсан, одоо бараг жил тойрох гэж байна. Энэ хуулийг батлах хэрэгтэй.

Энэ хууль үйлчилдэг хүмүүсийг төрийн тэргүүнээс эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИХТ-ийн дарга нар, засаг дарга гэх мэт өндөр албан тушаалтай, эвэртэн туурайтнуудад зориулагдсан хууль юм. Хуулиас гадуур байгаад байх шиг байна, хариуцлага хүлээхгүй байна гэж яригддаг хүмүүст зориулсан хууль юм.
Энэ хуульд сахилгын хариуцлага гэж байна. Ийм дутагдал гаргаж, ингэж сахилга алдвал ингэж шийтгэнэ гэх мэт их тодорхой заасан.

Хоёрт нь улс төрийн хариуцлага. Үндсэн хууль, ёсзүйн дүрэм, журмыг зөрчсөн байвал албан тушаалаас нь огцруулна. Төрийн өндөр албан тушаалд 2-4 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр шийтгэхээр зохицуулсан.

Монголын төр ийм болох ёстой дарга нар аа. Энд гайхаад байх зүйл огт байхгүй. Хэрэв чадахгүй бол ажлаа өгөөд яв. Улс төрд таныг энэ албан тушаалд уяад байгаа зүйл байхгүй. Явах хэрэгтэй. Чадахгүй бол явсан дээр гэж би бүх түвшний албан тушаалтнуудад хэлж байгаа.
Гуравт ёс суртахууны хариуцлага байна. Гадаадын улс орнуудад сайд дарга нар нь бяцхан алдаанаас болоод өөрөө огцордог. Гэтэл яагаад Монголд ямар ч алдаа гаргачихаад яагаад огцордоггүй юм бэ? Гадаадын орнуудад хариуцлагын тогтолцоо байдаг, харин Монголд байдаггүй юм уу? Ёсзүйн хариуцлагыг бид зүйл заалт бүрээр нь оруулж байгаа. Ёсзүйн хариуцлага алдсан бол наад зах нь ард иргэдээсээ уучлал гуйдаг байх ёстой. Ноцтой алдаа гаргавал албан тушаалаа өгдөг байх ёстой. Ёсзүйн хариуцлагаа хүлээгээд халагдаж байгаа бол дараагийн хариуцлагын асуудал хөнгөнөөр тусдаг зохицуулалтыг уг хуульд тусгасан.

Бидний ихэнх нь сонгогдсон, зарим нь томилогдсон хүмүүс. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг хэрхэн огцруулах вэ гэдгийг заачихсан. Харин уг хуульд бүр тодорхой заасан байна. УИХ-ын 26-аас дээш гишүүн Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, тангарагаа зөрчсөн байна гэж үзвэл огцруулах саналаа Үндсэн хуулийн цэцэд дэвшүүлэх боломжтой. Бид ийм хууль, ийм хариуцлагатай байж хөгжинө.
УИХ-ын гишүүнийг сонгогчдоос нь гаргасан хүсэлтийнх нь дагуу эргүүлж татдаг болно. Намны жагсаалтаад УИХ-ын гишүүн болсон нөхдүүдийг намын бага хурлын хүсэлтийнх нь дагуу огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцдэг болно. Энэ хуулийн дагуу УИХ-ын сонгууль болсны нэг жилийн хугацаанд, дараагийн сонгуулиас нэг жилийн өмнө дээрх асуудлыг авч хэлэлцэхгүй. Тэгэхээр дөрвөн жилийн хоёрт нь зөвхөн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг ярих боломжтой байх нь.
Тухайн гишүүнийг огцруулахын тулд баг хорооны сонгуулийн насны иргэдийн 15 хувиас доошгүй хувийн саналыг цуглуулах шаардлагатай болно. Энэ бол их ажил шүү. Гэхдээ л энэ механизмыг оруулсан. Иргэд ярилцдаг шүү дээ “сонгож болсон юм, яагаад эргүүлээд татаж болдоггүй юм” гэж. Иргэдэд ийм эрх байх ёстой.

Хэрэв энэ хуулийн дагуу тухайн албан тушаалтныг огцруулах санал тавих юм бол хоёр хоногийн дотор уг албан тушаалтанд мэдэгдэнэ. Тухайн албан тушаалтанд өөрийг нь огцруулах асуудал бодитой байна уу гэдгийг хоёр хоногийн хугацаанд олон нийтэд мэдээлнэ. Ихэнх нь худал, ор үндэсгүй мэдээлэл байна гэдэг шүү дээ. Дараа нь Сонсголын хуулийн дагуу УИХ, ИТХ дээр “би гагцхүү үнэнийг мэдээлнэ, хэрэв худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөж байгаад иргэдийн өмнө байцаалтад ордог болно. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн.
Гэтэл хариуцлагын тогтолцоог сайжруулах энэ хуулийг батлах тал дээр УИХ хөдлөхгүй байна. Ард иргэд ээ, олон нийт ээ. Одоо хэрхэх вэ? Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн тухай бүр тайлагнадаг болгож байна. Төрийн албаны зөвлөл жил бүхэн энэ талаар тайлан гаргана. Хэнд ямар хариуцлага тооцоод орхисныг ерөөсөө хаяхгүй болно.

Сонгуулийн үеэр хариуцлага ярьдаг, шударга ёс ярьсаар байгаад гарч ирсэн намууд хөдлөхгүй байна. Ард иргэд, олон нийт үүнийг яах ёстой вэ?

Энэ хуульд албан тушаалтанд хариуцлага хүлээлгэснээ тайлагнадаг болгож байгаа. Төрийн албаны зөвлөл жил бүр үүнийг тайлан болгоно. Хэнд ямар хариуцлага тооцоод орхисныг мэдээллийн архивтай болгож байгаа. Хүн бүхэн үүнд ордог. Энэ нөхөр тэр үед тийм хариуцлага хүлээж байсан юм байна. Ингэж гуйгаад үлдэж байсан юм байна гэдэг энэ бүхнийг тэнд оруулж өгч байгаа. Хэрвээ хохирол учирсан бол нөхөн төлүүлэх асуудыг гаргаж ирж байгаа. 
УИХ-ын тухай хуульд газар дээрээ баригдаагүй бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй гэж байдаг. Хуулийн байгууллагаас хүсэлт тавьсан бол чөлөөлөөд явуул гэсэн заалт оруулаад шүү. Ямар гэмт хэрэгтэн яаж байгаад газар дээрээ баригддаг юм. Тэр тусмаа Их хурлын гишүүн, тэр тусмаа бүрэн эрхтэй улсууд.

Тэгэхээр нь ямар асуудал оруулсан бэ гэхээр хуулийн байгууллага янз бүрийн хатгаас, янз бүрийн юм оруулаад байж магадгүй гээд Ерөнхий прокурор асуудал оруулаад тухайн гишүүн чөлөөлөгдөөд, шүүхээр ороод гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь нотлогдох юм бол Ерөнхий прокурорыг огцруулах асуудал ярих үндэслэл болгосон. Нөгөө талаас нь үүнийг балансжуулж тэнцвэржүүлж өгч байгаа юм.

Хуулийг бид учир утгатай болгож хийж өгч байгаа юм. Олон удаа ярьж байж энэ заалтыг хийсэн шүү. Тэгэхээр энд хардаад , сүрдээд байх шаардлага байхгүй. Ер нь бүрэн эрх эдлэнэ гэхээр хууль зөрчсөн этгээдүүд бүрэн эрх гээд Их Хурал руу өөрөө гүйдэг байсан үе байсан.
Одоо нэг ноцтой байдал бий боллоо. Хууль зөрччихөөд Их Хурал руу орж өөрөө хууль зөрчдөг болоод байна. Тэр бүрэн эрхийг авчих юм бол би фракц бүлэглэл зохион байгуулж болно. Тэнд зохион байгуулалт хийж болно. Түүгээр дамжуулаад Монголын ард түмний баялгийг цөлмөж болно. Монголчуудыг мохоож болно. Хийж бүтээж байгаа улсуудыг дарамталж болно. Зогсоож болно гэсэн ийм ойлголттой болчихлоо шүү дээ. Одоо хууль зөрчих гэж бүрэн эрх авахаар зүтгэдэг болчихоод байна. Өмнө нь хууль зөрчсөн байж магадгүй гээд зугтаж УИХ руу зүтгэдэг байсан бол одоо хууль зөрчих гэж зүтгэдэг боллоо. Энэ их ноцтой байдал үүслээ. Үүнийг одоо зогсоохгүй бол, Монголын ард түмэн үүнийг зогсоо гэж шаардаад байгаа юм.

Өөр нэг ноцтой байдал бол нэг хүний нэг бүрэн эрх дуусаад дараачийн бүрэн эрхтэйгээ залгадаг. Ийм тохиолдол олон байсан. УИХ-ын гишүүнийг шүүх, хуулийн байгууллагаас дуудаад байдаг, байдаггүй ээ. Яг дараагийн сонгууль эхлэхэд нэр нь дэвшээд дахиад явчихдаг. Би нэр дэвшигч, УИХ-ын гишүүн хэвээрээ гээд, ингээд л залгаад л яваад байдаг. Ингээд л залгаад л зугтаад байдаг. Үүнийг та нар бүгд харж байгаа. Ийм этгээдүүдийг зогсоох хэрэгтэй. Нэг бүрэн эрхийн хугацаанд асуудал үүссэн л бол тэр дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй л байх ёстой. Үүнийг бид хуульчилж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр явахгүй. Өндөр албан тушаалтан янз бүрийн хүмүүстэй ярихаар 1939 оныг санагдуулсан хэлмэгдэл боллоо, мэдэгдэл хийе гээд байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд ч, тогтолцооны хувьд ч 1939 он давтагдах боломжгүй. Хэлмэгдүүлэлт давтагдах боломжгүй. Монгол Улс Үндсэн хуулиа баталсан. Монгол Улс хүний эрх чөлөөг хүндэтгэдэг болсон. Цаазын ялыг Эрүүгийн хуулиас бүр авч хаялаа. Хэлмэгдүүлэлт гарах боломжгүй шүү. Тэгээд дээрээс нь нэг л их цэвэр хүмүүс. Нэг л их өвдсөн зовсон, гадууур дотуур зугтсан, оргосон хүмүүс. Хэн түүнийг хууль зөрч гэсэн юм бэ? Хулгай хийхээ л боль. Авлига авахаа л боль. Хууль зөрчихөө л больчих. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээ. Чи мэдсээр байж хууль зөрчсөн шүү дээ. Мэдсээр байж хууль зөрчсөн зохион байгуулалтыг хийсэн шүү дээ. Тийм учраас чи үр дагаврын хүрт л дээ. Энэ чинь орчлонгийн жам шүү дээ. Муу юм хийсэн бол үр дагаврыг нь хүртэнэ гэдэг шүү дээ.
Үүнийг хүний ёс, нийгмийн ёс болгож нийгмийн хууль болгож бид оруулж ирж байгаа юм. Тэгэхээр энэ хариуцлагаа хүлээ, хууль зөрчсөн бол, тийм үйлдэл зохион байгуулах гэж оролдсон бол, хууль зөрчсөн үйлдэл илэрсэн л бол хариуцлагаа хүлээ гэсэн хоёр дахь санаа байгаа юм.
Гуравдахь санаа бол өмнө нь ч хэлж байсан, хууль хяналтын байгууллага хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй улс төрийн өндөр албан тушаалтны хойноос гүйдэггүй юм шүү. Ер нь тийм гэнэн, хууль хяналтын байгууллагын ажилтан байхаа больсон шүү. Нэг хүн даалгавар өгөхөөр л “за үүнийг хэлмэгдүүлье” гээд гүйдэггүй шүү. Чиний мөр хууль зөрчөөд хуулийн татсан гортигний тойргийн цаад талд гараагүй л бол тэр хүнийг мөшгөдөггүй юм . Одоо тийм домогт итгэхээ боль. Тэр хүн чинь ажилтай амьдралтай хүн. Та бүхэн тэгж ойлгох хэрэгтэй.
Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод л хэлж байсан. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийг би зоригжуулж ажиллана гэж хэлж байсан шүү. Би энэ байр суурин дээрээ байгаа. Би нэг л зангаараа байгаа. Тэгэхээр энэ асуудлыг, энэ хуулиудыг оруулж өгсөн. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь хууль хяналтын байгууллагын нөхдүүдэд хэлэхэд хууль зөрчөөгүй хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хэрвээ нөлөөлөл байдаг бол нөлөөлөлд орж болохгүй. Үүнийгээ хүмүүс сайн мэдэж байх ёстой. Албан тушаалтнуудад хариуцлага тооцдог энэ хууль бол хамгийн чухал байгаа юм . Тиймээс бид гартаа барих хуультай байх ёстой. Хамгийн гол нь дарга нараа, ИТХ-ын төлөөлөгчдийн дарга нараа олон нийт сонсож байгаа. Олон нийтэд бүгдэд нь хандаж хэлж байна. Хэрвээ чи энэ улс төрд буруу зүйл хийсэн л бол, хууль зөрчсөн гэж бодож байгаа бол хамгийн сайн арга бол өргөдөлөө өгөөд яв. Тангарагаа өргөөд гэр орныхондоо хэлээд ахиж би улс төрд орохгүй гээд л яв.
Хууль гаргаж хэрэгжүүлэх гэж оролдож байна. Гараагүй ч байсан гэсэн ингэж явах зам чинь нээлттэй байгаа. Замыг чинь зааж өгье. Дахиад би дэвшихгүй. Мэдэгдлээ хийе. Дахиад би улс төрийн албан тушаалтанд томилогдохгүй, сонгуульд оролцохгүй, нэр дэвшихгүй, дахиж энэ улсыг хорломооргүй байна, дахиж буруу үйл ажиллагаа хиймээргүй байна гээд л яв. Хүн бүхэн чадахаараа чөлөөт нийгэм байгуулах гээд үүнийг сонгосон юм. Чадахгүй байж заавал улс төр рүү орж, муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж, тэгээд улс орныг хорлож явдаг ийм улсуудыг, ийм байдлыг зогсоомоор байгаа юм. Би хоёр зүйлийг сонгуулийн үеэр болон одоо ч ярих болно. Би сонгогчиддоо хандаж хэлье. Одоо сонгуульд бэлдээд явж байгаа хүмүүсээс нэг зүйлийг хатуу шаардах ёстой.
Нэгдүгээрт, миний эрхийг дэмжээч, миний эрхийг өгөөч. Надаар төлөөлүүлээд танай нам хийнэ гэсэн ажлаа буруу хийгээд байна. Би улс төрийн эрхээ авья. Та нар сонгогдоод хийнэ гэсэн алга байна. Тэр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө, орон нутагт хийдэг бид нарын хийдэг ажлыг хэрэгжүүүлдэг боломжийг олгооч. Гаргаж байгаа, санаачилж байгаа хуулийг дэмжиж өгөөч. Энэ хариуцлага бол иргэдийн эрхийн нэг хэсэг. Түүнээс биш иргэд оролцохгүй санал өгөх бол энэ нэг л хэлбэр. Энэ ажил 365 хоног, бүтэн жил, долоо хоног бүр, өдөр бүр явах ёстой.
Хоёрдугаарт, танай намын сонгуулийн хөтөлбөрт энэ орсон үгүйг маш сайн асуух хэрэгтэй. Та нар ч гэсэн энэ зохион байгуулалтыг маш сайн хийх хэрэгтэй. Одоо иргэд ухаантай болсон. Олон сайхан амлалтад итгэхээ больсон. Иргэд зүгээр л өөрийнхөө эрхийг шаард гэж хэлээд байгаа юм. Миний эрхийг танай нам яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм гэж. Дараагийн нэг юм бол энэ төрийг хариуцлагатай болгож өгөөч. Энэ хариуцлагагүй албан тушаалтангуудыг төрөөс салгадаг механизмыг тогтоож өгөөч, тэр хуулиудыг баталж өгөөч. Баталсан хуулиудыг яаж чангаруулах юм. Яаж сайжруулах юм, яаж хариуцлага тооцохюм, ерөөсөө үүнийг л нэхээд боллоо. Уг нь үүнийг нэхүүлэх гэж тогтолцоог өөрчилсөн юм шүү дээ. Агуулга нь энэ хоёрт байгаа юм. Иргэний эрх төрийн хариуцлага хоёрт л байгаа. Шударга ёс, хариуцлага гэдэг бол зүгээр л сонгуулийн үеэр яриад явдаг зүйл бол биш.

Албан тушаалтнуудын хувьд зүрхний бичлэг нь, мөрдөх ёстой дүрэм нь тэр хүний чухал зарчим байх ёстой. Чадахгүй бол яв. Иргэд, хүмүүс л муу зүйлийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Тийм учраас иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх улс төрийн эрхийг замаас нь булаагаад авчихсан энэ зүйлийг өөр хууль тогтоомжоор дамжуулж шийдэж өгөх ёстой. Сонгуулийн хуулиар шалтаглаад ажлаа хийхгүй зүгээр сууж байгаа шүү дээ. Ар талд нь ийм чухал хуулиуд байгаа гэдгийг мэдэж л байгаа. Хуралд ороод суухаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэлэлц гээд шаардана. Тэгэхээр үүнэнээс бултсан нь дээр гээд суугаад байгаа байхгүй юу. Сонгуулийн хар машинд дургүйдээ ч биш. Гараар тоолоод гар дүн буруу гарвал яах вэ. Гарыг шатаах юм уу. Онигоо хүртэл гарсан шүү дээ. Жинд итгэхгүй байна, будаагаа гараар тоолно гэсэн юм хүртэл гарсан шүү дээ.
Сонгуулийн машин бол Монголын ард түмний хувьд дэвшил байсан шүү. Бид нар үүнийг гашуун нулимсаар, гашуун туршлагаар, иргэдийнхээ амь насыг алдаж байж, бүх нам ярьж байж энэ сонголтыг хийсэн шүү. МАН 45 хүнтэй байхдаа оруулж баттлуулсан сайн хууль шүү. Дэлхийн олон улсын сонгуулийн байгууллага ирээд Монголын сонгуулийн туршлага дэлхийд сайнд тооцогдох, бүс нутагтаа хамгийн гайхамшигтай сайн үлгэр жишээ гээд гэрчилгээ өгөөд явсан юм шүү. Баталгаажуулаад явсан шүү.

Саяхан надад Киргизийн Ерөнхийлөгч цахилгаан ирүүлсэн. Танайд явуулсан системээр бид сонгууль явууллаа. Иргэдээ бүртгэлээ, машинаар сонгуулиа явууллаа. Өмнө нь гурван удаа бараг иргэний дайн гарах дөхсөн шүү дээ. Саяын сонгуулиар ямар ч маргаан гарсангүй. Намууд ойрхон гарлаа, нэр дэвшигчид ойрхон гарлаа. Хамгийн гол нь сонгогчид л баяртай байлаа гэсэн. Тэр машинд итгэхгүй байгаа бол өөрийнхөө сонгосон сонголтондоо итгэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Буруу юмаар сонгогдсон байна гэж тэр сонгуулиасаа эхний өдөр болих хэрэгтэй. Компьютер болохгүй байна гэвэл компьютер шатаах юм уу? Ийм нэг байдлаас бид нар болих л хэрэгтэй байна. Асуудал биш зүйлийг асуудал болгож тавьж, хойноос нь хөөцөлддөг. Сонгуулийн хууль дотор харин оруулж өгмөөр заалт байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдох гэж байгаа хүн эх орондоо сүүлийн таван жил амьдарсан байна гэж. Би нэг хуулийг шаардаад байгаа. Улаанбаатараас нэг их мундаг хүмүүс очиж аймаг дүүрэгт нэр дэвшдэгээ болих хэрэгтэй. Бусад ардчилалтай орнуудад чи сонгогдох гэж байгаа бол тухайн орон нутаг, аймаг, дүүрэгтээ амьдардаг бай. Тэндээ хүн амынхаа албан татварын орлогыг төлдөг бай гэдэг. Чи тэр хотод очсон, тийм хувь заяатай юм бол хотдоо л очиж дэвш. Тэрнээс биш миний нутаг гэж уйлан дуулсан, намайг сонгож өгөөч, би мундаг гээд нүүдлийн шувуу шиг сонгуулийн үеэр нэг харагдаад буцдаг. Сонгогдож аваад алга болдог. Сонгогдож аваад дур зоргоороо аашилдаг. Энэ асуудлыг тэгвэл зохицуулж өгье л дөө.
Ихэнх ардчилсан орны зарчимд байдаг юм шүү. Үүнийг хуулиар зохицуулж шийдэж болдог. Наад захын жирийн зүйл л дээ. Засаг захиргааны нэгжид татвар төл, тэнд амьдардагаа бүртгүүл. Үүнийг хуулиар зохицуулж шийдэж болдог. Наад зах нь жирийн зүйл л дээ. Тэгэхдээ ийм зүйлүүдийг бид ярих ёстой.
Удахгүй өргөн барих хууль дээр хоёр гурван зүйл хэлье. Иргэний улс төрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль бол Намын хууль, үүнийг өргөн барих гэж байгаа юм. Намын хуультай болно гэж 4-5 жил ярьсан. Та бүхний хамгийн их боддог хууль. Би түрүүн хэлсэн, эхлээд намын хүн битгий бай. Хүний хүн, ард түмний хүн байгаач ээ, хүний төлөө зүтгэдэг байгаач ээ. Тэгэхээр бид намуудыг номонд оруулж хуулинд оруулах хэрэгтэй. Эрх барьсан нам нь хуулийн гадна хариуцлага хүлээхгүй үлддэг. Эрх бариагүй нам нь нэг хүний цүнхэн дотор явж байдаг. Нэг хүний нэрээр явж байдаг. Нам гэдэг чинь ийм юм байдаг юм уу.
Танай намуудыг хараад ард түмэн зоригжиж байх ёстой. Дээр үед нам гэдэг бол тухайн ард түмний оюун санаа, эрхэм нандин чанар гэж үздэг байлаа шүү дээ. Тийм эрхэм нандин чанар байна уу, тэгж ажиллаж байна уу. Нэг талаас харахад хийж болохгүй муу бүхнийг хийдэг байгууллага болж хувирлаа шүү дээ. Тэгэхээр энд зогс гэдэг үгийг хэлэх ёстой. Үүнийг зохицуулсан хууль гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ хуулийг гаргахын төлөө бид ажиллаж байгаа.
Нам хариуцлагатай болдог, хяналттай болдог. Намын нэрээр улс орны амин чухал асуудлыг зогсоож болдог, энэ бүх юмыг алга болгоё гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бид уулзалт хийнэ, намын хүмүүстэй ярина. Энэ хуулийг удахгүй өргөн барина, батлуулна. Миний өргөн барьсан хуулийг үзэл баримтлалаар нь тэр чигээр нь л батлаад өгчих л дөө. УИХ-ын гишүүд мэдээж өөрчлөлт оруулах, ярилцах эрхтэй. Тэгэхдээ түүрийг нь битгийн хөнд. Хариуцлага хүлээх бол би хариуцлага хүлээе. Дээр нь иргэний улс төрийн эрхийн тухай хуулийг бид тусад нь хуулиар шийдүүлэх хэрэгтэй. Одоо санал асуулга явуулна л гэнэ, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна л гэнэ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал чинь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гээд хуультай юм. Тэр хуулинд УИХ-ын гишүүд санаачилж өргөн барих юм бол 30 хоногийн дотор Их Хурал хэлэлцэх ёстой. 30 хоногийн дотор хэлэлцээгүй учир энэ асуудал сонгууль хүртэл лав шийдэгдэхгүй нь ээ. Гэхдээ энэ асуудлаар ярилцлага өрнөлөө. Энэ ярилцлагыг олон нийт, мэргэжилтнүүдийн хүрээнд, судлаачид улс төрчдийн хүрээнд, намуудын хүрээнд өргөн өрнүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхдээ нэг зарчмаа барьсан нь дээр. Хуулиар л энэ асуудал шийдэгдэх ёстой. Хууль нь байгаа. Дээрээс нь иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай, Иргэний улс төрийн эрхийн тухай хуультай болохгүй бол болохгүй юм байна. Ерөөсөө орон нутагт, нийтийн санал асуулга явуулъя гэдэг чинь бүгд иргэний улс төрийн эрх юм байна лээ.
Нам, Сонгуулийн хуулиас гадна яг тэр намтай адилхан иргэн маань ямар эрх мэдэлтэй, иргэн маань яаж оролцох юм.Тэр эрхийг нь, боломжийг нь олгосон хуулийг бид гаргах шаардлагатай болж байгаа. Энэ хуулийг оруулъя гэж бодож байгаа. Олон хууль, олон зүйл байгаа. Товчилж хэлье гэж бодож байна.

Та бүхэн өвөлжилтийн тухай ярих байх, дотоод гадаад бодлого гээд Засгийн газар бусад бүх чиглэлээрээ ярилцах байх аа. Ирэх он цагуудад бид маш их хариуцлагатай шийдвэр гаргах ийм он цагууд ирж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол Улсыг бидний эх орон, миний юм, өөрийн юм гэж ханддаг хандлагыг бид төлөвшүүлэх ёстой шүү. Монголын төлөө хийж байгаа сайн ажилд бид бүгд л оролцох ёстой. Би оролцох ёстой, би орж байгаа гэж ингэж л бодох хэрэгтэй. Эх орноо өөрийн гэр шиг, өөрийн юм шиг хайрлах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Үүний төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг хэлье. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%